БНХАУ-ын шилдэг их сургуулиудыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-15 12:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагийг МУИС-ийн номын санд өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Ази тивд зохион байгуулж буй хоёр дахь үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой бөгөөд танилцуулга хийж буй багш нар Киргиз улсаас шууд  иржээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хороо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ ажиллаж байна.

Үзэсгэлэнд БНХАУ-ын Чинхуа их сургууль, Вуханы их сургууль, Жежианы их сургууль, Хейлонжианы шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг  шилдэг 30 их сургууль оролцож байгаа юм.

БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд хэлэхдээ, “БНХАУ-д 10 мянга гаруй монгол оюутан суралцдаг. Үүний 3580 нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. БНХАУ-ын тэтгэлэг нь Засгийн газрын, мужийн, их сургуулийн түвшинд гэсэн гурван шаттай.  Газар зүйн байршлаас шалтгаалж манай улсын ирээдүйн харилцаа хөгжил хоёр хөрш улсаас эхэлнэ. Тиймээс манай оюутнууд БНХАУ-д сурахыг зорьдог болсон. Мөн Хятад улс технологийн хөгжил, барилга, уул уурхай, шинжлэх ухааны ололтоор дэлхийд тэргүүлж байгаа учир БНХАУ-ын их дээд сургуулийг сонгох нь ихэссэн. БНХАУ-ын 10 мужийн шилдэг 30 их сургууль технологи, анагаах, барилга, хот байгуулалтын чиглэлээр  Монгол Улсад үзэсгэлэн гаргаж байгаа нь хоёр улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагаанд дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Өдөрлөгийн үеэр шилдэг их дээд сургуулийн танилцуулга, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, БНХАУ-д суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.


Холбоотой мэдээ