Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-16 17:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл дэх Монгол Улсын оролцоог нэмэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар баталсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд батлан, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хуулийн төслийг танилцуулахдаа дурдав.


Мөн тэрбээр, "Цаашид үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдийн давхцал, зөрчлийг арилгах, хөрөнгө оруулалт татах, үр ашгийг нэмэх, тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах талаар зохицуулалт тусгалаа. Төслийг баталснаар гадаад дотоодын хөрөнгө оруулалт өсөн, үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болох боломжтой" хэмээв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудлыг сүүлийн 30 жил ярьсан ч үр дүнд хүрээгүй байгаа шалтгааныг УИХ-ын гишүүд тодруулж байлаа. Мөн одоо ажиллаж байгаа парк байгаа эсэхийг лавласан. 


Хуулийн төслийг боловсруулсан ажлын багаас, "2009 оны хуулиар парк байгуулах асуудал тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байсан. Харин 2014-2016 онд Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн бол 2016 оноос хойш хүнд үйлдвэрийн асуудал нь УУХҮЯ-нд, хөнгөн үйлдвэрлэл нь ХХААХҮЯ-ны харьяанд шилжлээ. Монголд үйлдвэрлэл, технологийн парк хөгжихгүй байгаа шалтгаан нь дэд бүтцийн асуудал. Одоогоор хүнд үйлдвэрлэлийн парк байгуулах зөвшөөрлийг таван аж ахуйн нэгж авсан ч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Зөвшөөрөл авсан газрууд ТЭЗҮ-ээ боловсруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна" гэсэн тайлбар өглөө.


Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэх юм.

Холбоотой мэдээ