Найруулагч Ж.Сэнгэдорж "Хангарьд" шагналын хошой эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-17 11:23:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд "Улаанбаатар" олон улсын кино наадам энэ сарын 14-20-ны өдөр үргэлжилж байна. Өчигдөр уг наадмын гол ажиллагааны нэг "Монголын шилдэг кино" шалгаруулах ёслол "Тэнгис" кино теарт боллоо. 


Шилдэг киногоор найруулагч Ж.Сэнгэдоржийн "Би нар" хүүхдийн сэдэвт кино шалгарч хангарьдын дүрс бүхий цомын эзэн болов.



Өнгөрсөн жилийн кино наадмаар Ж.Сэнгэдорж "Амьдрал" киногоороо тэргүүн шагнал авчээ. Энэ удаа "Хангарьд"-ын хошой эзэн болсон Ж.Сэнгэдорж "Ноднингийн хангарьд энэнээс арай жижиг байсан. Энэ жилийнх том болчихсон байна. Дараа дараагийн жилийнх улам том болж, надаас ч том болох болтугай" гэж шагнал гардах үеэр хэлж олныг баясгав. Мөн тэрбээр шилдэг найруулагчийн шагнал хүртэн гурван сая төгрөгөөр мялаалгав.



Шилдэг кино зохиолчоор "Хийморь" киноны зохиолч, найруулагч Г.Эрдэнэбилэг тодров. Тэрбээр "Энэ зохиолын эзэн бол Төрийн шагналт яруу найрагч, алдарт  "Хүрэн морь" найраглал бичсэн Ч.Лхамсүрэн гуай билээ. Би бол Хүүбаатар найзын хамт кино зохиол болгож, дэлгэцийн сайн бүтээл хийе гэж хичээсэн. Зохиолч Ч.Лхамсүрэн гуайн үр хүүхэд, гэр бүлд энэ шагнал та нарынх гэж бас хэлмээр байна" гэлээ. 




Шилдэг продюсерийн шагнал хүртсэн жүжигчин Д.Ганцэцэг "Зохиолыг нь Ганчимэг дүү бичсэн. Би киногоо найруулсан. Бид хоёр хамтран хийсэн киногоороо авна гэж бодоогүй өндөр шагнал хүртсэндээ баярлаж байна. Энэ "Халуун сэтгэл" киног би тэнгэрт буй ханьдаа зориулж хийсэн. Үзэгчдэд сайн хүрч, мэргэжлийнхнээрээ үнэлүүлж, уран бүтээлийн өндөр урам авлаа. Та бүхэндээ хайртай шүү" гэж баярласнаа илэрхийллээ. 


Мөн энэ үеэр кино наадмын комисс нэгэн хүндтэй хүнд шагнал гардуулах шийдвэр гаргасан нь Монголын киноны нэрт найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнд "Хангарьд" шагнал гардуулах болсон явдал. "Кино урлагт 60 жил зүтгэсэн, 25 кино найруулсан,  сүүлийн хэдэн жил "Улаанбаатар" олон улсын кино наадамд зүтгэсний минь шанд үүнийг өглөө.  Манай залуу уран бүтээлчид үнэхээр хүнд хэцүү цагаас адармаатай хэцүү киноны бүтээл хийж ирлээ. Олон улсын хэмжээнд хүрэхээр бүтээлүүд хийхийн төлөө хичээж байгаа нь олон улсын энэ наадмаас харагддаг.  Жилээс жилд жин дарах бүтээл нэмэгдэж байна" гэж цомоо өргөн талархав. 


Монголын киног дэлхийн дэвжээнд гаргаж яваа уран бүтээлч Г.Эрдэнэбилэгийн "Хийморь" Холливудын  эхний гараанд шалгарсан бол, Ж.Сэнгэдоржийн "Би нар" кино Германы Берлиний кино наадамд шалгараад байгааг энэ үеэр киноныхон онцолж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран  “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Кино наадамд оролцож байгаа таван орны уран бүтээлчиддээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье. Кино урлаг гэдэг нийгмийн толь байдаг. Кино урлагаар дамжуулж, нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмд эерэг зөв мэдээллийг хүргэх боломж бүрддэг. Энэ жилийн кино наадам Нийслэл хотын 380 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байна. Нийт кино уран бүтээлчиддээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. 



Холбоотой мэдээ