Лаборант Пүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-22 12:38:15

Увс /МОНЦАМЭ/. Уг нь түүний нэрийг Нохойжавын Пүрэвсүрэн гэдэг. Гэвч Увсынхан “Лаборант Пүүжээ” гэдгээр нь андахгүй. Тэрбээр ажилдаа эзэн болсон, ард олондоо ач тустай, сайн нэртэй, сайхан үйлтэй жирийн л нэг эмэгтэй.

Н.Пүрэвсүрэн нь 1969 онд эцэг С.Нохойжав, эх Ц.Пагмажав нарын анхны үр нь болж энэ хорвоод мэндэлснээс хойш араасаа 9 дүү дагуулсан булган сүүлтэй охин аж. Айлын том нь ачааны хүндийг үүрдгийн жишгээр аав ээждээ тусалж, есөн дүүгээ үүрэхийг нь үүрч, дүүрэхийг нь дүүрч хүний зэрэгт хүргэжээ. Одоо ч гэсэн тэрбээр өнөөх л дүү нарынхаа төлөө, тэдний үр хүүхэд, хань ижил, бүр цаашлаад аав ээжийнхээ ах дүүс, ураг садныхаа төлөө үргэлжид санаа тавьж, өөрийгөө элээж, өөрөөлийг ачилсаар явна. Бас дээр нь Увс нутгийнхаа хүн ардын эрүүл мэндийн төлөө эргэлт буцалтгүйгээр 29 дэх жилдээ ажиллаж байна.

Уг нь тэрбээр 10 жилд байхдаа сүрхий сурлагатай, эмч болох мөрөөдөлтэй хүүхэд байжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор химийн хичээл дээр аймагтаа 9-д жагсаж, АУДС-ийн хуваарь авахаар байж. Харамсалтай нь 9 хуваарь ирсэн боловч тухайн үеийн “хүйсийн тэгш байдлын” бодлогоор “жийгдэж”, ардаа жагссан хөвгүүнд хуваариа булаалгасан байна. Тэр жил Увсаас 8 охин, нэг хүү Анагаахын дээдэд явахаар болж, харин мань хүн арга буюу Анагаах ухааны дунд сургуулийн лаборантын ангийг авчээ.

Улмаар 1988-1990 оны хооронд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дунд сургуулийн лаборантын ангид суралцан төгсөж ирээд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байна. Энд нэг хачирхалтай зүйл хэлэхэд тэрбээр оюутан байх хоёр жилийн хугацаандаа ээжийнхээ ойрын хамаатан, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Тойвгоон гэрт амьдарсан гэдэг. Эрүүл мэндийн сайд ахтай хүн анагаахын дундын хуваарийг дээд болгоод, хүссэн эмчийнхээ ангид элсэн сурч болох л байсан. Гэвч 18-хан настай хүүхэд юугаа ч мэдэх билээ, өнөө сайд ахад нь ч гэсэн өөрийнхөө албан тушаалыг ашиглаад дүүгээ эмч болгох “заль мэх” байгаагүй аж. Тэгэхээр захиргаадалтын үеийн хүмүүс аргагүй л үнэнч шударга байжээ. Өнөө цагт ийм юм болсон бол ёстой л “хошин шогийн” юм болно биз дээ.

Гэхдээ Пүүжээ лаборант эмч болоогүйдээ хэзээ ч харамсдаггүй. Насан туршдаа нэг л албан дээрээ чин шударгаар ажиллаж өдий хүрсэндээ үргэлжид баярлаж талархаж явдаг нэгэн. Ажил намайг голохоос би ажлыг голно гэж юу байхав гэж бодож, ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Өглөө 7 цагт ажилдаа ирж бэлтгэлээ бүрэн хангана. Өдөртөө л гэхэд өч төчнөөн хүний хурууны өндөг, гарын судсыг зүүгээр хатгаж цус авна. Цаана нь хүний амь нас, эрүүл мэндийг хариуцсан асар том хариуцлага явж байгаа гээд бодохоор лаборантын ажил яггүй хэцүү байгаа биз. Ингэхэд цус хараад эвгүйрэхдэггүй хүн байдаг билүү? Гэтэл хар залуу 20 наснаасаа эхлээд 30-аад жил өдөр бүр энэ ажлыг хийж ирсэн гэхээр Пүүжээ лаборантаар бахархахгүй байхын аргагүй юм. Эрүүл хүн шинжилгээ өгөөд явахгүй нь мэдээж. Тэгэхээр өдөр тутамд л өвдсөн зовиурласан хүмүүстэй ажиллаж, тэдний эрүүл мэндийн төлөө санаа тавьж ирсэн түүний ажлын хүнд хэцүүг хэлээд баршгүй.

Анх 1990 онд төгсөж ирээд ажиллаж байхдаа бүх шинжилгээг гар аргаар хийж байсан гэдэг. Нэг нүдний микроскоп /дуран/ гэж байснаа хоёр нүднийх болсон, дараа нь өнгөт болсон, тэгээд дараа дараагийнх нь ахисаар байгаад сүүлийн үед бүрэн автомат болсон гээд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн амьд түүх, лавлах гэвэл түүнийг л хэлэх байх.

Хэдийгээр орчин үед бүх юм цахим болж, өвчтөнөөс цус авахаас бусад үйл ажиллагаа техникжсэн ч гэсэн тэрбээр орчин үеийн хөгжлөөс хоцролгүй, өнөөгийн залуустай хөл нийлүүлэн алхаж байна. Бас өвчтөнийнхөө хувийн нууцыг задруулахгүй байх, өвдсөн зовсон хүнийг ачилж энэрэх гэхчлэн сувилагч хүний өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэсээр явна. Ийм л сайхан, ид хийж бүтээх насан дээрээ Пүүжээ лаборант маань ирчихсэн, залуу боловсон хүчнүүддээ үлгэр дуурайл болж, аймгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байна. Үүнээс ч илүүг хийж амжуулах хүсэл мөрөөдөл, чадвар чадамж түүнд хангалттай бий.

Пүүжээ лаборантын ханийг С.Түмэндэмбэрэл гэдэг. Эднийх гурван сайхан охинтой. Том охин нь эмчийн мэргэжлээр суралцаж төгсөөд Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа бөгөөд аль хэдийнэ өрх тусгаарлажээ. Харин дунд охин нь 2-р дамжааны оюутан бол, отгон охин нь энэ жил 12-р ангийн сурагч аж.

Тэрбээр энэ хугацаанд Байгууллагын аварга, Системийн аварга, Аймгийн аварга лаборант болж байснаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын олон шагналаар шагнуулжээ. Түүний энгэрт удахгүй төрийн одон медаль гялалзах нь лавтай биз.

Пүүжээ лаборантын сайхан сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Дандаа л бусдын төлөө, хэн нэгний сайн сайхны төлөө хэмээн зүтгэж, сэтгэж төдийгөөс өдий хүрсэн нь талархмаар. Ер нь бол сайхан сэтгэлийг нь харамгүй хүртсэн, хүндэлж дээдлэх хүмүүс Увс нутагт захаас аваад элбэг тохиолдох буй за.

Увс нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө үргэлжид хичээнгүйлэн зүтгэж, илүү ихийг хийж бүтээгээрэй.


 

Холбоотой мэдээ