Багш, сурагчид хотынхоо өнгө үзэмжид гар бие оролцож байна

Фото
185@montsame.mn
2019-10-21 16:45:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын зураг зүй, технологийн багш, сурагчид хамтран Алтай хотын төв зам дагуух талбайд нийгэмд зөв хандлага түгээн зураг зурж хотынхоо төвд өнгө үзэмж нэмжээ.

Тодруулбал, багш сурагчдын санаачилга, тус аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр 55 хүний бүрэлдэхүүнтэй багш, сурагчдын хамтарсан багийнхан төв зам дагуу цахим орчин дахь зохистой хэрэглээ, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, их говийн зургаан гайхамшиг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, архигүй Алтай гэх мэт сэдвээр 40 зураг зуржээ. 

Сурагчид зурсан бүтээлүүдээрээ үе тэнгийн найз нөхөд болон ах эгч нарыгаа нийгэмд соёлтой оролцож, зөв хандлагатай байхыг уриалсан. Мөн үүний зэрэгцээ Алтай хотынхоо өнгө үзэмжид гар бие оролцсондоо маш их баяртай байна гэдгээ иэлрхийлсэн юм.