Улсын Гуравдугаар төв эмнэлэгт MRI аппарат суурилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-22 16:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн соронзон резонанс томографийн аппаратыг анх удаа шинээр суурилууллаа.

Тус эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй иргэдэд үзүүлж чадахгүй байсан. Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг УИХ, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулжээ. Энэ зургаадугаар сард тус эмнэлэгт зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, цөөн тоотой үйлдвэрлэсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулсан. Дээрх 2 аппаратыг суурилуулахад нийт 4.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагджээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр хувийн эмнэлэг рүү явж чирэгдэхгүй боллоо. Мөн эмч, мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.


Холбоотой мэдээ