Афганистаны Ерөнхийлөгч “Талибан”-тай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-23 14:22:59

ТОКИО. /NHK/. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улс орондоо энх тайвныг цогцлоохыг тулд “Талибан” бүлэглэлийн босогчидтой шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байна гэж мэдэгджээ. А.Гани мягмар гарагт телевизийн “NHK” сувагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар хэлжээ.


АНУ болон “Талибан” өнгөрсөн онд найрамдлын хэлэлцээг эхлүүлсэн юм. Талууд Америкийн цэргүүдийг Афганистанаас хэсэгчлэн гаргах тохиролцоонд хүрэхэд тун ойртсон боловч өнгөрсөн сард “Талибан”-ы үйлдсэн террорист халдлагын улмаас хэлэлцээ зогссон байна. АНУ цэргүүдээ гаргах талаар Афганистаны Засгийн газартай зөвлөлдөх хэрэгтэй хэмээн А.Гани хэлээд, Засгийн газрыг хэлэлцээнд оролцуулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.


“Талибан” бүлэглэлийн хувьд Засгийн газартай шууд хэлэлцээ хийхээс татгалздаг бөгөөд тэднийг АНУ-ын “утсан хүүхэлдэй” хэмээн нэрлэдэг байна. Харин Афганистан Ерөнхийлөгч хэлэхдээ, хууль ёсны Засгийн газар болон “Талибан” бүлэглэл шууд хэлэлцээ хийсэн тохиолдолд л энх тайван тогтоно гэжээ.


Афганистанд энх тайвныг цогцлоосон тохиолдолд “Талибан” улс төрд элсэх боломжтой эсэх талаар А.Ганигаас асуухад, “Талибан” улс төрийн намд элсвэл баяртайгаар хүлээн авах болно гэж хариулсан байна. Мөн тэрбээр, “Талибан” сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсгэхийн оронд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.  

Холбоотой мэдээ