Д.И. Менделеевийн нэрэмжит шагнал бий болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-10-23 15:45:58

МОСКВА. /TASS/. ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлөөс Д.И.Менделеевийн нэрэмжит олон улсын шагналыг бий болгох шийдвэр гаргажээ. Энэ тухай Химийн үелэх системийн Олон улсын жилийн зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Дээрх шийдвэрийг 10 дугаар сарын 21-нд Францын нийслэл Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 207 дугаар чуулганаар гаргасан байна. Тус зөвлөл энэхүү саналаа 11 дүгээр сард болох ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд өргөн барих ажээ.


Шагналын хэмжээ 500 мянган ам.доллар байх бөгөөд 250 мянган ам.долларын шагналын сантай хоёр тусдаа шагналыг жил бүр гардуулах юм байна. Уг шагналыг “нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн хөгжлийг хурдасгах хүчин зүйлийн хувиар ашиглах боломжтой эсвэл ирээдүйд ашиглаж болох” “чухал нээлтүүд, тэргүүлэх шинэчлэлүүд болон суурь шинжлэх ухааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсны” төлөө олгоно гэж дээрх хорооны хэвлэлийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Д.И.Менделеевийн нэрэмжит анхны шагналыг 2020 онд олгохоор төлөвлөсөн байна.


Одоогоор ЮНЕСКО-гийн ивээл дор олгодог 23 шагнал байдаг байна. Эдгээр шагналын 5-ыг нь байгалийн шинжлэх ухааны салбарт, 7-г нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр ололт амжилт гаргасан хүмүүст олгодог ажээ. Шагналыг ихэвчлэн Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд гардуулдаг байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблей 2019 оныг Химийн үелэх системийн Олон улсын жил болгон зарласан билээ. 

Холбоотой мэдээ