Угаарын хийн хордлогын дуудлагын тоо цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-10-24 12:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын дуудлага болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо цөөрч байгааг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.


Өнгөрсөн шөнө Нийслэлийн түргэн тусламжийн төвд угаарын хийн хордлогын хөнгөн хэлбэрээр дөрвөн дуудлага ирж, 9 хүн буюу 7 том хүн, 2 хүүхэд хандсанаас насанд хүрсэн хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  хэлэхдээ, "Энэ сарын 2-24-нд нийтдээ 240 дуудлага ирж 580 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж зөвлөмж зөвлөгөө өгсөн. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын дуудлага болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байгаа нь нийслэл, дүүрэг, хороод, төр захиргааны байгууллагууд богино хугацаанд төслийн болон ердийн зуух, ханан пийшингийн галлагаа, яндан зуухны цэвэрлэгээ зэрэг бүхий л мэдээллийг биеэр 220 мянган иргэнд хүргэж ажилласантай холбоотой. Мөн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран өндөрлөг цэгүүдэд угаарын хяналт тандалт хийхэд өнгөрсөн жилээс 20 хувь буурсан гэдэг үзүүлэлт гарсан. Гэхдээ одоо тайвшрах болоогүй, өвлийн улирал дөнгөж эхэлж байна. Иргэд пийшин зуухны хагархай цоорхойг бөглөх, түлшийг хэт дүүрэн хийхгүй байх, сойлтуурыг хааж хонохгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн орой унтахдаа түмпэнтэй ус тавьж хонох хамгийн түгээмэл аргыг хэрэглэж болно. Ус бол угаарын хордлогын хийг саармагжуулдаг ач холбогдолтой учир амь насаа эрсдэлээс сэргийлэх, яаралтай тусламж авах энгийн арга юм. Үүнийг иргэд хэрэгжүүлэхээс гадна өөрсдийн боломжтой бүхий л аргыг хэрэглэн утаагүй орчинд амьдрах эрхээ баталгаажуулах боломжтой” гэв.


Агаарын чанарын энэ сарын 14-20-нд хэмжсэн мэдээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад РМ 10 хэмжээтэй тоосонцор 24 хувиар, РМ 2.5 тоосонцор 25 хувиар буурсан. Харин азотын давхар исэл 6 хувиар өссөн. Автомашины тоо өссөн нь азотын давхар исэл нэмэгдэхэд нөлөөлж байна” хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолттой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал танилцууллаа.  


Холбоотой мэдээ