Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-25 12:39:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 


Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2002, 2003 онд баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл  мөрдөж байна. 2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.  


Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулах, хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн нэр томьёоллыг өөрчлөх чиглэл өгсөн аж. Чөлөөт бүсийн тухай хуульд, “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай юм. Тиймээс Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдууан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Хил хаалттай байхад хар тамхи, хүний наймааны асуудал гарч байна. Үүнээс сэргийлэх төлөвлөгөө, менежмент байх ёстой. Гэмт хэргийг улам өөгшүүлэх магадлалтай" хэмээгээд, чөлөөт бүсэд гарч болох гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэхэд ямар менежмент хийхийг тодруулав. Мөн Чөлөөт бүс байгуулахад БНХАУ-аас олгосон 60 сая ам.долларын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлснийг лавлалаа. 


УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, "Хэлэлцээрийн төслийг манай тал боловсруулж, Хятадын талтай зөвшилцөхөд, бооцоот тоглоомын газар ажиллуулахгүй байх саналд нэгдсэн. Хоёр талаасаа саналаа нэгтгэсэн. 60 орчим сая ам.долларын хөрөнгөөр дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж, авто зам, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Азийн хөгжлийн банк мөн хамтарч 30 сая ам.долларын хөрөнгөөр техникийн тусламж үзүүлэхээр болсон" хэмээв.


Ажлын багийн гишүүн, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэмж хариулав. Тэрбээр, "Чөлөөт бүсийн нутагт тухайн улсын хууль тогтоомж үйлчилнэ гэж гэрээ хэлэлцээрт тусгасан. Чөлөөт бүсэд нэвтэрсэн ч тухайн бүс 900 га нутаг дэвсгэрээр хязгаарлагдана. Түүнээс цааш нэвтрэхгүй, визийн хугацаа 30 хоног байхаас гадна орсон хаалгаараа л буцаж гарна. Хар тамхитай холбоотой асуудлыг өнөөдрийн хууль тогтоомжийн дагуу гааль, хорио цээр, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага ажиллана. Мөн чөлөөт бүсэд тагнуул зэрэг хууль хяналтын байгууллага хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд ажиллах боломжтой" хэмээв.


Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ