Нүүрсийг чингэлгээр тээвэрлэж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-10-30 13:48:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний тээврийн “Икс Эм Си”, “Пик Урал” болон “Соргийн Говь” компаниуд Тавантолгойн ордын нүүрсийг чингэлгээр тээвэрлэх зорилгоор “Howo” брэндийн 22 ширхэг чирэгч толгой болон CIMC үйлдвэрийн 44 ширхэг тавцант давхар чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг тээвэрт гаргахад бэлэн болоод байна.

Дээрх техникүүдийг БНХАУ-ын Sinotruk үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч “АОДЭ” ХХК-иар дамжуулан эхний ээлжинд аваад байна.

Засгийн газрын 2017 оны 320-р тогтоолын дагуу нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байна.


Нүүрсийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд шилжүүлэн ачих үйл ажиллагаанаас шалтгаалан багагүй хэмжээний хорогдол, зардал гарч, байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.

Тиймээс Засгийн газрын энэ оны 6-р сарын 5-ны хуралдаанаас өгсөн үүргийн дагуу нүүрсний тээвэрлэлтээс үүдэн байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх үүднээс нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажлыг ийнхүү үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.


Холбоотой мэдээ