Орос улс Африкт эргэн ирсэн нь
ТОЙМСочи хотод өнгөрсөн долоо хоногт
болсон “Орос-Африк” дээд хэмжээний чуулга уулзалтад Африк тивийн 43 улсын төр,
засгийн газрын тэргүүн нар, 11 улсын сайд, элчин сайд нар уригдан ирсэн бол тус
арга хэмжээнд нийтдээ 10 мянга орчим хүн оролцсон байна. Цэрэг-улс төрийн
нөлөөний хувьд Африк тивд хамгийн хүчирхэг орон болох Египет улсын Ерөнхийлөгч
ас-Сиси Африкийн Холбоог даргалж буй улсын төрийн тэргүүний хувьд Оросын
Ерөнхийлөгч В.Путиний хамтаар форумыг удирдан явууллаа.
Чуулга уулзалтын хоёр өдрийн
хугацаанд нийтдээ 30 гаруй бизнесийн салбар хуралдаанууд болж, талууд 800 тэрбум рублийн үнийн дүн бүхий 50
гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Оросын тал уг саммитыг зохион
байгуулахад 4,5 тэрбум рубль зарцуулсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд зарцуулж
байгаагүй их мөнгө юм. Харьцуулахад, Петербургийн эдийн засгийн форумыг 2
тэрбум рублиэр зохион байгуулж байжээ.
Чуулганы үеэр Ерөнхийлөгч Путин
Африкийн орнуудын Орос улсад төлөх ёстой 20 тэрбум долларын өрийг тэглэж, тус
тивийн улсуудтай хийх худалдааны эргэлтийг ирэх 4-5 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдүүлэх
зорилт тавьснаа мэдэгдсэн нь шинжээчдийн анхаарлыг татлаа.
20 тэрбумын өр ба Орос-Африкийн
харилцааны шинэ үе шат
“Африкийн орнуудын ЗХУ-д төлөх
ёстой өрийг тэглэсэн нь өгөөмөр сэтгэлийн үйлдэл бус харин прагматик хандлагын
илрэл юм. Хамгийн оновчтой хувилбар бол хамтын ажиллагаагаа бүр шинээр дахин
эхлүүлэх явдал. Цаашдаа аливаа зээлийг зах зээлийн нөхцлөөр олгох болгоно” гэж
Путин онцлон тэмдэглэсэн байна.
Буцаан төлөгдөхгүй гэдэг нь
нэгэнт тодорхой болсон дээрх өр нь Африкийн улс орнуудтай тогтоосон харилцааг
хөгжүүлэхэд саад тотгор болж байсан учраас уг өрийг тэглэснээр Оросын компаниуд
харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Африк тивд үйл ажиллагаа явуулах
боломжтой гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков мэдэгдлээ.
Гэхдээ энэ удаагийн саммитыг
хуралдуулахын тулд зориуд өрийг цуцлаагүй бөгөөд өрийн дийлэнх хэсгийг 1996-2008
онд хэсэгчлэн болон бүрмөсөн цуцалсан байжээ. Харин энэ удаад Ерөнхийлөгч
В.Путин Африкийн хөгжилд ЗХУ-ын оруулсан хувь нэмэр, ОХУ-ын сайн санааны
үүднээс гаргасан шийдвэрийг сануулан дурджээ.
Оросын талын тэглэсэн өрийн ихэнх нь Африкийн орнуудаас ЗХУ-д төлөх ёстой өр юм. 1980-аад оны үед Зөвлөлтийн удирдлага өөрийн холбоотнуудыг зэвсэглэхийн тулд жилд дунджаар 25 тэрбум доллар зарлагадаж байснаас багагүй хэсэг нь африкчуудад тусламж болон очиж байлаа. Энэ бол тухайн үеийн ЗХУ-ын удирдагчид улстөрийн шалтгаанаар, эргэн төлөгдөх эсэхийг нь үл тооцон тарааж байсан мөнгө юм.
Эрчимтэй хөгжиж буй Африк тив их
гүрнүүдийн анхааралд
Байгалийн асар баялагтай Африк
тивийн эдийн засаг эрчимтэй хөгжлийн шатанд гараад байгаа нь дэлхийн том
гүрнүүдийн анхаарлыг татаж, тэдгээрийн өрсөлдөөний талбар болоод
байна. 1,2 тэрбум хүн амтай Африк тивийн ДНБ-ний хэмжээ нь 2,5 их наяд долларт
хүрч, энэ онд 3,5 хувиар өсөх төлөв харагдаж байна.
Хятадын компаниуд Африкийн таван
улсын уул уурхайн салбарт хяналтаа тогтоосон ба Баруун Африк ба Суданд нефть олборлож
байна. Сүүлийн үед америкчууд Африк тивийг гойд анхаарах болж, одоогийн
байдлаар 56 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа бол Оросын хөрөнгө оруулалт
8-10 тэрбум долларт хэлбэлзэж байгаа аж.
Крымын асуудалтай холбоотойгоор
барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга аваад энэ үед В.Путин
геополитикийн шинэ түншүүд, Оросын бизнесийн боломжийг өргөжүүлэх шинэ зах
зээлийг хайж байна. Сүүлийн жилүүдэд Орос-Африкийн худалдааны эргэлт эрчимтэй
өсч, өнгөрсөн онд 20 тэрбум долларт /үүний талаас илүү нь Египет, Алжир хоёрт
ногдож байгаа/ хүрсэн хэдий ч Европ тив 275 тэрбум, Хятад улс 205 тэрбум, АНУ
53 тэрбум долларын наймаа хийж байгаатай харьцуулахад тун даруухан тоо юм.
2019 онд оросууд Африкт 4 тэрбумын зэвсэг техник нийлүүлэхээр төлөвлөөд байгаа бол Африкийн орнуудаас ирсэн захиалгын хэмжээ 14 тэрбум долларт хүрээд байна. Улаан буудайн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Орос улс 2024 он гэхэд 45 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолно гэсэн зорилт тавиад байгаа бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Африкийн зах зээлийг маш ирээдүйтэй гэж тооцон “онилж” байгаа аж. Ер нь бол, Оросын ХАА-н салбарын Африкийг чиглэсэн экспорт нь зэвсгийн худалдаанаас давах нь тодорхой болжээ.
Гадаад харилцааны Оросын зөвлөлийн шинжээч Сергей Балмасовын ярьснаар, Орос улс Африк тивд нефть, хий, хөнгөн цагаан, цагаан алт, уран ба алмааз олборлох сонирхолтой байгаагаас гадна тус тивийн зарим улс орны удирдагчдын аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор цэргийн хувийн компаниудаа илгээхэд бэлэн байгаа аж.
Гэхдээ Африкт эргэн ирж, нөлөөгөө
тогтоох гэсэн Орос улсын төлөвлөгөө нь нэлээд эрсдэлтэй тулгарна гэдгийг
шинжээчид анхааруулж байна. Хятад, АНУ, Европын Холбоотой ширүүн өрсөлдөхөөс
аргагүйд хүрэхээс гадна Африкийн орнуудын төр засгийн тогтворгүй байдал нь Оросын
хөрөнгө оруулалтын том төслүүдийг зогсоож магадгүй. Өөр нэг том аюул бол, тус
тивийн нутаг дэвсгэрийн гуравны нэг нь зэвсэгт мөргөлдөөний талбар болоод
байгаа явдал юм.
Африкийн эрх баригч дэглэмүүд
солигдох нь олон зуун сая долларын алдагдалд оруулж болзошгүй гэдгийг Балмасов
анхааруулаад, 8 жилийн өмнө М.Каддафийн дэглэм унаснаар Оросын компаниуд Ливид
төмөр зам барих боломжоо алдан хохирч байсныг санууллаа. Ийм учраас Ангол зэрэг
улс төрийн байдал нь тогтвортой улсуудтай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн
санааг Оросын шинжээч хэллээ.
Африкчууд Орос руу хандах болсон шалтгаан
Африкт орон зайгаа эзэлсэн
европчууд “ардчилсан өөрчлөлт хийх, хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийг
хөгжүүлэх”-эд тус тивийн улсуудын эрх баригчдын анхаарлыг хандуулах гэж оролдож
байгаа нь Африкийн зарим орны удирдагчдад таалагдахгүй байгаа аж.
Харин хятадууд Африкийн орнуудын
дотоод бодлогод огт оролцдоггүй. Гэхдээ тэдний явуулж буй эдийн засгийн
бодлогыг тус тивийн улс орнуудын эрх ашигт нийцээгүй, “неоколониализмын бодлого”
гэж шүүмжилдэг хүмүүс бий. Ийм учраас африкчууд Европ, АНУ, Хятадын явуулж буй
бодлогоос арай өөр бодлого явуулах болов уу гэсэн хүлээлттэйгээр Орос улсад
хандаж байна гэж улс төр судлаач Леонид Исаев бичжээ.
Дашрамд дурдахад, Орост Африкийн
удирдагчдыг урьж ирүүлэн, томоохон чуулга уулзалт хийх санаачилгыг бүр 1990-ээд
оны үед дэвшүүлж байсан боловч тэр үед Оросын эдийн засгийн хүндрэлээс
шалтгаалан хамтын ажиллагааны цар хүрээ эрс хумигдаад байлаа. Харин 2000-аад
оны дундуур В.Путин Алжир, Ливи, Египет, Нигери, Намиби, Анголд айлчилж, 2011
онд Этиопийн нийслэл Аддис-Абеба-д Орос-Африкийн анхны бизнесийн чуулга уулзалт
болсноор Орос-Африкийн харилцаа сэргэж эхэлжээ.
Сочигийн саммитын шийдвэр амьдралд
хэрхэн хэрэгжих вэ гэдгийг одоогоор хэлэхэд эрт байгаа боловч тус арга хэмжээний улс төрийн ач
холбогдлыг Оросын тал нэлээд чухалчилж байна. Сочид Африк тивийн бүх 54 улсын
төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь Орос улсыг ганцаардуулан тусгаарлах гэсэн барууны
орнуудын оролдлого бүтэлгүйтсэний илрэл гэж ОХУ-ын ГХЯ-ны Африкийн газрын
орлогч Олег Озеров дүгнэн хэллээ.
Сочид өргөн хүрээтэй арга хэмжээ
зохион байгуулснаараа оросууд Африк тивд эргэн ирж байгаагаа зарлан мэдэгдэж,
тус тивд нөлөөний хүрээгээ тэлэхийн тулд Хятад, АНУ болон Европын Холбоотой
өрсөлдөхөд бэлэн гэдгээ харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Б.Адъяахүү