Г.Нэргүй: Угаарын хийд хордсон иргэд бүрэн эмчлүүлсэн

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-31 12:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэд бүрэн эмчлүүлсэн, одоогоор хордлогоор эмнэлэгт хэвтсэн иргэн байхгүй аж. 

Угаарын хийн хордлогын дуудлага өгсөн иргэдийн нөхцөл байдлыг судлахад хэд хэдэн шалтгаан байгааг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа. Тэрбээр, "Иргэд яндангийнхаа сойлтуурыг хаалттай хонох, зуухныхаа үнс нурмыг цэвэрлээгүй, яндангаа хөөлөөгүй, зуух яндангийн хооронд онгорхой, цоорхойтой байснаас угаартах нөхцөл түгээмэл байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас байнга өгч буй сайжруулсан түлшийг зөв түлэх зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй"-г зөвлөв. Мөн орой унтахдаа задгай саванд ус хийж хонох уламжлалт аргыг хэрэглэх нь угаартах эрсдэлээс хамгаалдаг гэдгийг онцоллоо. Учир нь усны урвал нь агаарт дэгдсэн угаарын хорыг сааруулдаг байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Тавантолгой түлш ХХК-ийн Зуух сервис үйлчилгээний байгууллага 300 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Иргэд тус сервисийн 70114900 дугаарын утсаар холбогдож бүх төрлийн галлагааны талаарх зөвлөмж авах боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд гэрээр зөвлөмж өгч, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж өгдөг" гэдгийг танилцуулав. Түүнчлэн, нийслэлийн төрийн албан хаагчид болон хороодын сайн дурын ажилчид төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 220 мянган айл өрхөд ирэх сарын 3-н хүртэл сайжруулсан түлш хэрэглэх заавар зөвлөмжийг дахин хүргэж ажиллахаар болсныг дуулгалаа.


Ирэх сарын 1-нээс хойтонгийн дөрөвдүгээр сар хүртэл 21.00-06.00 цагийн хооронд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны төлбөрийг  тэглэж байгаатай холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгдэхийг тэмдэглээд, иргэд цахилгааны аюулгүй байдлаа хангаж болзошгүй гал түймрийн аюулд өртөхөөс сэрэмжлүүлэв.


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх сэрэмжлүүлэг удаа дараа хүргэсний үр дүнд өнгөрсөн шөнө товчоодоор 1336 автомашиныг шалгахад зөрчил анх удаа илрээгүй" хэмээн танилцуулав.


Агаарын чанар өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Холбоотой мэдээ