Баян хотуудын иргэд босч тэмцэж буйн учир юу вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-10-31 12:26:20

Энэ онд дэлхийн хамгийн чинээлэг хотуудын тоонд багтдаг Парис, Хонконг ба Сантьягод эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, эмх замбараагүй байдал дэгдлээ. Парисчууд шатахууны татварыг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн бол Хонконгийн оюутнууд гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хуулийн заалтыг эсэргүүцэн жагслаа. Сантьягогийн иргэд метрогоор зорчих тасалбарын үнийг өсгөсөнд дургүйцлээ илэрхийлсээр байна. Яагаад чухам баян чинээлэг хотуудад үймээн самуун дэгдэх болов оо? гэдгийн учир шалтгааны талаар Америкийн нэрт эдийн засагч Жеффри Сакс /Jeffrey D. Sachs/ “Project Syndicate” сонинд дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шатахуунд ногдуулах татварыг өсгөсний дараа буюу 2018 оны 11 дүгээр сараас хойш эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал намжихгүй байгаа бол Хонконгийн захирагч Кэрри Лам гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хууль санаачилсныг эсэргүүцсэн жагсаал 3 дугаар сараас хойш үргэлжилж байна. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера метрогоор зорчих тасалбарын үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа нийслэл Сантьяго хот үймээн самуунд автлаа.


Эдгээр эсэргүүцлийн ажиллагаа дэгдэхэд тухайн хотын онцлог шалтгаан нөлөөлсөн нь тодорхой боловч тэдгээрийг ерөнхийд нь ажиглаваас дүр зураг нь илүү өргөн цар хүрээтэй байна. Шударга бус байдлыг мэдрэх мэдрэмж нь нийгмийн давхарга хооронд хөрвөх чадвар буюу social mobility хумигдаж буйг нийтээрээ мэдэрч эхлэх тэр үетэй давхацваас юунд хүргэдгийг дээрх гурван хотод болж буй эсэргүүцлийн ажиллагаанууд харууллаа.  


Нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр нь аваад үзэх юм бол энэ гурван хот гурвуулаа эдийн засгийн амжилтын үлгэр жишээ болохуйц газрууд юм. Хонконгийн нэг оршин суугчид ногдох ДНБ нь 40 мянган доллаар, Парист 60 мянга гаруй доллар, Сантьягод 18 мянган доллар орчим байна. Сантьяго бол Латин Америкийн хамгийн баян чинээлэг хотуудын нэг юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан -2019”-д дурдсанаар Хонконг 3 дугаарт, Франц -15 дугаарт, Чили улс 33 дугаарт бичигджээ. Чилийн хувьд 33 гэдэг бол Латин Америкийн  бусад орнуудаас хол тасарсан хамгийн өндөр үзүүлэлт юм.  

Нийтээр хүлээн зөвшөөрдөг стандартаар бол эдгээр улс хангалттай баян чинээлэг, өрсөлдөх чадвар сайтай боловч ард иргэд нь амьдралын чанарын гол үзүүлэлтүүдэд сэтгэл дундуур байна. “Дэлхий нийтийн аз жаргалын тайлан илтгэл-2019”-д дурдсанаар, олон зүйл дээр амьдрал нь хөдөлгөөнгүй зогсонги байдалд орсон гэж Хонконг, Франц, Чилийн иргэд үздэг ажээ. 


Gallup компани дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүмүүст хандан нэг л ижил асуултыг жил бүр тавьдаг. “Өөрийн амьдралтай холбоотой шийдвэр гаргахдаа сонголт хийх эрх чөлөөнд та сэтгэл ханамжтай байна уу, эсвэл үгүй юү?”. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр Хонконг дэлхийд 9 дүгээрт ордог бол харин амьдралынхаа чиг шугамыг тодорхойлохдоо сонголт хийх эрх чөлөөний тал дээр 66-д бичигдсэн байх юм. Яг ийм зөрүүтэй байдал Франц /25 ба 69-р байр/, Чилид /48 ба 98 дугаар байр/ ажиглагдаж байна.


Хамгийн хачирхалтай нь, Heritage Foundation сан, Саймон Фрейзерийн нэрэмжит их сургуулийн хийсэн судалгаагаар, Хонконг нь эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр маш дээгүүр ордог боловч тус хотын иргэд амьдралынхаа талаар шийдвэр гаргахдаа сонголт хийх эрх чөлөөнд найддаггүй байна. Эдгээр гурван хотын баян чинээлэг орчинд өсөөгүй залуучууд боломжийн үнээр орон сууцтай болж, сэтгэлд таарсан ажилд орно гэсэн итгэл найдвараа бүрмөсөн алджээ. Хонконгт үл хөдлөх хөрөнгийн үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бол Чили улсад орлогын тэгш бус байдлын үзүүлэлт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнуудын дотор хамгийн өндөр байна.


Францад гэхэд, дээд зиндааны гэр бүлээс гаралтай хүүхдүүд насан туршдаа бусдаас асар давуу байдалтай амьдардаг. Орон сууцны үнэ хэт өндөр байгаагаас шалтгаалан хүмүүсийн ихэнх нь хотын төвийн дүүргүүдээс шахагдаж, ажилдаа ирж очихын тулд хувийн автомашин эсвэл нийтийн тээврээр зорчиж байна. Чухам ийм учраас иргэдийн нэлээд хэсэг нь тээврийн хэрэгслээр зорчих өртөг өчүүхэн төдий нэмэгдэхэд л маш эмзэглэн ханддаг ажээ. Үүнийг Парис, Сантьягод гэнэт дэгдсэн үймээн жагсаал харууллаа.   

Нийгмийн давхарга хооронд хөрвөх боломж хязгаарлагдсан, тэгш бус байдал газар авснаас үүдэлтэй нийгмийн бухимдал хямрал нь зөвхөн Хонконг, Франц, Чилийг хамарч байгаа юм биш ээ. АНУ-д амиа хорлох, хүмүүсийг олноор нь хөнөөх зэрэг нийгэм дэх таагүй байдлыг илтгэх шинж тэмдэг, тохиолдлууд эрс өслөө. Тэгш бус байдал урьд өмнө байгаагүйгээр газар авч, засгийн газарт итгэх олон түмний итгэл алдарч буй энэ үед дээрх үзэгдлүүд гарч байна. Хэрвээ бид өмнө нь явуулсаар ирсэн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэх аваас АНУ-д нийгмийн шинэ шинэ тэсрэлтүүд гарах нь гарцаагүй.  


Үүнийг зогсоохын тулд бид дээрх гурван тохиолдлоос дүгнэлт хийх ёстой. Хонконг, Франц, Чилийн засгийн газруудын хувьд эсэргүүцэл хөдөлгөөн дэгдсэн нь санамсаргүй үйл явдал байсан. Нийгэмтэй харилцаж чадахаа больж, нийгмийн уур амьсгалыг мэдрэхээ больсон эрх баригчид өөрсдийнх нь гаргасан төдийлөн хатуу биш шийдвэрүүд нь нийгмийн тэсрэлтийг өдөөнө гэдгийг урьдчилан харж чадаагүй юм.


Гэхдээ онцлон хэлмээр, гайхал төрүүлэхээргүй зүйл бол, амьдралын түвшнийг илтгэдэг эдийн засгийн уламжлалт итгэлцүүрүүд нь нийгэм дэх уур амьсгалыг үнэлж дүгнэхэд үнэхээр хангалтгүй байгаа явдал. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь дундаж орлогыг тодорхойлдог болохоос бус амьдралын ерөнхий чанарт мэдэгдэхүйц нөлөөлж буй орлогын хуваарилалт, шударга байдал ба шударга бус байдлын талаарх хүмүүсийн бодол, санхүүгийн эмзэг байдал, засгийн газарт итгэх итгэл зэрэг үзүүлэлтүүдийг огтхон ч тусгадаггүй.


Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”, Heritage Foundation сангаас танилцуулдаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”, С.Фрейзерийн их сургуулийн “Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө” зэрэг үнэлгээнд шударга байдлын, амьдралын чухал шийдвэр гаргах үеийн сонголтын эрх чөлөөний, засгийн газрын шударга байдлын, нийгмийн гишүүдийн дундах илтгэлцлийн үнэлгээ гэх мэт нийгмийн сэтгэл зүйн субъектив хүчин зүйлүүдийг бараг тооцдоггүй.   


Нийгмийн сэтгэл зүйн байдлыг тандаж мэдэхийн тул амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх, хувь хүний эрх чөлөөний мэдрэмж, засгийн газар ба эх орон нэгтнүүддээ итгэх итгэл, нийгмийн амьдралын олон талт байдлын талаар нийгмийн гишүүдээс шууд асууж байх хэрэгтэй. Эдгээр нь амьдралын чанарт хүчтэй нөлөөлөөд зогсохгүй ирээдүйд нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх үү, үгүй үү гэдэгт нөлөөлдөг. Хүмүүсийн сайн сайхан аж байдлын талаар Gallup компаниас жил тутам явуулдаг санал асуулгад яг ийм хандлагыг ашигладаг бөгөөд уг санал асуулгын үр дүнгийн талаарх мэдээллийг бид “Дэлхий нийтийн аз жаргалын тайлан илтгэл”-дээ оруулдаг. 


2015 онд дэлхийн улс орнуудын засгийн газруудын баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д тусгалаа олсон тогтвортой хөгжлийн үзэл санаа юунд орших вэ гэхээр, ДНБ-ний өсөлтийн хурд, нэг хүнд ногдох орлогын хэмжээ гэх мэт уламжлалт итгэлцүүрийн хүрээнээс хальж, нийгмийн шударга байдал, итгэлцэл, экологийн тогтвортой байдал зэрэг илүү өргөн хүрээтэй олон үзүүлэлтийг ашиглахад оршино. “Тогтвортой хөгжлийн зорилт” /ТХЗ/ хөтөлбөрт орлогын тэгш бус байдал /ТХЗ № 10/ төдийгүй сайн сайхан аж байдлын олон үзүүлэлтэд /ТХЗ №3/ онцгой анхаарал хандуулсан байдаг билээ.

Доктор Жеффри Дэвид Сакс 


Улс орон бүр ард иргэдийнхээ “судасны цохилт”-ыг хэмжиж, нийгмийн таагүй байдал, үл итгэлцлийн шалтгаан юу байв гэдгийг анхааралтай ажиглан судлах хэрэгтэй гэж дээрх хөтөлбөрт уриалсан байдаг. Шударга ёсгүйгээр, эдийн засгийн тогтвортой байдалгүйгээр эдийн засгийн өсөлт гэдэг бол ердөө л эмх замбараагүй байдлыг өдөөх “жор” юм. Төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, баячуудын орлогыг ядуучууд руу чиглүүлэн дахин хуваарилах, экологийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.


Хэрвээ олон нийтийн итгэл сул, тэгш бус байдал газар авч, нийгэмд шударга бус байдал ноёлж байна гэсэн мэдрэмж олон нийтэд төрөөд байгаа үед метроны алдагдлыг бууруулахын тулд зорчих тасалбарын үнийг өсгөх, шатахууны татаасыг цуцлах зэрэг оновчтой, үндэслэлтэй мэт харагдаж буй шийдвэрүүд хүртэл олныг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэх болно.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.project-syndicate.org/commentary/explaining-social-protest-in-paris-hong-kong-santiago-by-jeffrey-d-sachs-2019-10


https://inosmi.ru/social/20191025/246104907.html

Холбоотой мэдээ