Налайхын замын хөдөлгөөнийг 12.10 цагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-04 10:16:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг нээх ёслолд оролцоно. Ёслол өнөөдөр 11.45 цагт эхэлж 12.10 цагт албан ёсоор авто замыг нээнэ. 


БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн. Харин хотын удирдлагаас нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээж нийслэлийн иргэдийн аятай тухай зорчих бололцоог хангах чиглэл өгсөн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа зам нээхийг үүрэгдсэн юм. Ингээд автозамыг нээх хугацааг долоо хоногоор сунгаж өнөөдөр төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө, товлосон хугацаандаа ашиглалтад орж байна.



Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын баг өчигдөр шөнө тус замын гэрэлтүүлгийг шалгасан байна. Нийт 520 гэрэлтүүлэг бэлэн болсон бөгөөд энэ долоо хоногтоо үлдсэн 408 гэрэлтүүлгийг асаах аж.


Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна. 


Холбоотой мэдээ