ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн төсөвт зохицуулалт хийв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-05 10:22:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит бус IX хуралдаан өнөөдөр хуралдаж аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө батлах тухай гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэв. Улмаар аймгийн 2019 оны төсөвт дотоод зохицуулалт хийж баталлаа.

Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед аймаг орон нутгийн төсөвт зохицуулалт хийх шаардлагатай бий болжээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газрын орлоготой холбоотой хилээс ордог зарим орлого болон уул уурхайтай холбоотой хандив тусламжийн орлогоос гурван компани гэрээнд заасан хэрэгжилтээ хангахгүй байгаа аж. Тиймээс төлөвлөгөөт орлого гүйцэд бүрдэхгүй байгаа учир ийнхүү төсвөөс зохицуулалт хийх шаардлага гарчээ.

Тодорхой шалтгаануудын улмаас төсвийн орлого буурсан, мөн цаг хугацааны хувьд зарим хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхгүй болсон. Төсвийн дүнд ямар нэг өөрчлөлт орохгүй, доторх зохицуулалтад өөрчлөлт орж байгаа гэсэн үг. Орон нутгийн төсвөөр хийх долоон төрлийн ажил хойшлогдсон. 2018 онд хийсэн боловч бүрэн санхүүжигдээгүй байсан дөрвөн ажил үйлчилгээний санхүүжилт 2019 онд хийхээр болсон гэх мэтчилэн дотоод зохицуулалтууд хийх юм гэдгийг аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал хэллээ.

Төсвийн зохион байгуулалтгүйгээс болж Сүхбаатар аймаг руу улсын төсвөөс хуваарилагддаг төсөв багасч Монгол Улсын Засгийн газар болоод яамдууд ямар ч дэмжлэг үзүүлэхгүй болсныг зарим төлөөлөгчид цохон тэмдэглэж байсан юм.

Ийнхүү төсвийн орлого буурч байгаа учир нэгдсэн дүнг хэвээр үлдээж төсвийн хэмжээ дотор 2019 оны аймгийн төсөвт зарим зохицуулалтыг хийж баталлаа.

Хуралдаанд 33 төлөөлөгч оролцохоос 29 нь ирж, хуралдаан 85 хувийн ирцтэй болсон юм.

 

 

Холбоотой мэдээ