Байнгын хороо Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураахад, УИХ-ын даргын саналыг гишүүдийн олонх дэмжиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг баталсан өдрөөс дагаж мөрдөх юм.
Гэрэл зургийг Т.Чимгээ