Малын хулгай өмнөх оныхоос 81 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-05 16:47:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд малын хулгайн гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авч хэлэлцэв.


Монгол Улс 2018 оны тооллогоор 66 сая тоо толгой малтай гэсэн дүн гарчээ. Хүн амынхаа тоотой харьцуулахад, хэдэн арав дахин их малтай ч махны үнэ өндөр, хэрэглээ их. Хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь малын хулгай ихсэхэд нөлөөлдөг байна. Иргэд малаа хулгайд алдаж, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирдгийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд тодотгов.



Тиймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн болон З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн, мөн Засгийн газраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг дуулгалаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа цаг үетэй холбон өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа аж.


Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ЦЕГ, УЕПГ, ХХААХҮЯ, МХЕГ, төрийн бус байгууллага болон өргөдөл гаргасан иргэд, малчдын төлөөлөл оролцов. 



ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга  хэмжээний тухай танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа “Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2004 онд батлан гаргаснаас хойш хүчин төгөлдөр мөрдөж байна” гээд уг хуулийг шинэчилсэн найруулгаар бэлтгэх ХЗДХЯ-ны ажлын баг ажиллаж байгааг тэмдэглэлээ. 2019 оны эхний 10 сарын байдлаар, малын хулгайн гэмт хэрэг 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өсжээ.


ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн  90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэнийг дурдаад энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа шалтгааныг танилцуулав. Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг тэрбээр онцоллоо. 



Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Мурат З.Нарантуяа, Ц.Гарамжав, Х.Болорчулуун нарын асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.  Дараа нь хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төрийн бус байгууллага, иргэд, малчдын төлөөлөл, мөн онлайнаар оролцсон аймгуудын албан тушаалтнууд саналаа хэлэв. Энэ үеэр Монгол Улсын гавьяат малчин О.Дорж /Архангай аймаг/ “Малын хулгай дэлхийд байхгүй, ганцхан Монголд гардаг өвөрмөц онцлогтой учир УИХ-аар баталсан хуулийг батлагдсан цаг, өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна” хэмээн санал хэлэв. 


Хэлэлцүүлгээс малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг саналыг иргэд, байгууллагаас гаргасан юм. 


Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Малын хулгайн гэмт хэргийн ялын бодлоготой холбоотой Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар та бүхний гаргасан саналыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудын хоорондын зөрчил, давхардалтай холбоотой асуудлаар гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” хэмээв.

Холбоотой мэдээ