Сургууль, цэцэрлэгт Японы хийн төхөөрөмжийн халаалт суурилуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-05 17:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд төвийн шугамд холбогдоогүй, гэр хороололд орших сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтаар сольж байна.

БОАЖЯ-наас зарласан “Агаарын чанарыг сайжруулах” тендерийн хүрээнд дээрх ажлыг дотоодын “Газком” компани хийж “Хийн шийдэл” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус компани эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Баянхошуунд байрлах 129-р сургууль, цэцэрлэг дээр хийн халаалтын системийг энэ оны 9-р сараас эхлэн нэвтрүүлээд байна. Ингэхдээ Япон улсын “Риннай” корпорацын хийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Тус корпорац нь  хийн халаалтын тоног төхөөрөмж угсралтаар дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн компани аж.




“Риннай” корпорацын ерөнхий захирал Найто Хироясү болон угсралт суурилуулалтыг гүйцэтгэж буй “Кусакава Когёо” компанийн гүйцэтгэх захирал Күсакава Кокичи нар манай улсад ирж, хийн халаалтыг нэвтрүүлж буй ажилтай өнөөдөр газар дээр нь танилцлаа. Тэд дээрх ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байв.


Ноён Найто Хироясү хэлэхдээ, “Манайх энэ онд 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд манай тоног төхөөрөмжөөс үүдсэн осол аваар нэг ч гарч байгаагүй” гэдгийг онцолж, “Бидний ажлын баталгаа нэг талаар энэ болно. Хамгийн гол нь Монгол, Японы инженер, ажилтнууд энэ ажлыг хамтран туршиж, гүйцэтгэж, Улаанбаатар хотын иргэдийг цэвэр, дулаахан орчин нөхцөлд амьдарч сурах, ажиллах боломжийг бий болгож буйдаа их баяртай байна” гэж байв.

Японы “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүд нь ухаалаг системд суурилсан учраас эрчим хүчний зарцуулалт бага, ашигт үйлийн коэффициент өндөр буюу үр бүтээмжтэйг хэлж байлаа. Дэлхийн олон оронд “Риннай”-гийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг, борлуулалтаар Азид төдийгүй олон улсад тэргүүлдэг байна. Бүс нутгийн онцлог, далайн түвшин, агаарын даралтаас хамаараад температур ялгаатай байдаг учир бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн ажиллах горимыг Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон хэлбэрээр үйлдвэрлэснийг хэлж байв.




Энэ үеэр хийн халаалтыг суурилуулсан 129-р сургуулийн захирал Д.Бат-Отгонтой уулзвал, “Бид түлшний зардал гэж жилдээ 80-90 сая төгрөгийн төсөв гаргаж 460-480 тонн нүүрс хэрэглэдэг байсан. Нүүрс түлж байхад нүүрсний үнээс гадна, үнс, хаягдал нүүрсээ ачуулна гээд олон давхар зардал гардаг байсан. Мөн галлагч гээд хүн ажиллаж, хүний гараар хийдэг ажлууд байсан. Одоо энэ бүгд байхгүй болж байна. Эдийн засаг, хүн хүчний хувьд хэмнэлт гарч байгаагаас гадна, хамгийн гол нь хүүхдүүд маань, энэ хавийн оршин суугч эцэг эхчүүд утаа тортоггүй орчинд сурч, амьдарч байгаа нь чухал байна. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлж өгч буй БОАЖЯ болон нийслэл хотын удирдлага, “Газком” болон Японы “Риннай” компанийнханд их баярлаж байна” гэв.


Системийг суурилуулж буйтай холбоотойгоор тус сургуульд одоогоор байнгын 3 хүн ажиллаж байгаа аж.

“Газком” ХХК-ийн захирал Д.Сэржбүдээтэй уулзвал, Манай компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Хийн шийдэл” төслийг 2018 оноос эхлүүлж, нийслэлийн таван дүүрэгт ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд Япон-Монгол инженерүүд хамтран туршилт явуулсны эцэст 129-р сургуульд суурилуулан хэвийн ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийг бие даасан дулааны системд хийн шийдлээр холбож өгч байна. Бид утаа, үнс болон хорт хаягдал гаргахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко орчин бүрдүүлж байна. Хийн халаалт цахилгаан шийдлээс 50 хувь хямд гэв. 

Тэрээр, тус компани гурван жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. "Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовж ажилладаг. Гэхдээ "Rinnai" корпорацын хувьд, Монголд одоо мөрдөж буй стандартыг давсан аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг. Бид тэр жишгээр ажиллаж байна” гэсэн юм.




Тус компанийн засвар, угсралт хариуцсан инженер Г.Ганзориг хэлэхдээ, “Манайх хийн халаалтаа мөн айл өрхүүдэд туршсан. 60 хавтгай дөрвөлжин м хүртэлх талбайг хийгээр халаах төхөөрөмж суурилуулахад 7 сая орчим төгрөг болно. Үүнд бойлер, угсралтын тоног төхөөрөмж, хийн холболтууд багтана. Мөн хийн плитка зэрэг өрхийн хэрэглээг цогцоор шийдэж өгч байгаа. Дулаан алдагдал багатай, стандартын дагуу баригдсан 50 шоо метр талбай бүхий сууцыг хийгээр халаахад сард 150 мянган төгрөг зарцуулна” гэв.

Монголд хийн халаалтын систем суурилуулж буй Японы “Риннай” корпорацын ерөнхий захирал Найто Хироясү болон угсралт суурилуулалтыг гүйцэтгэж буй “Кусакава Когёо” компанийн гүйцэтгэх захирал Күсакава Кокичи нар өнөөдөр үдээс хойш нийслэл хотын удирдлагатай уулзлаа. 


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

 


Холбоотой мэдээ