Б.Энх-Эрдэнэ: Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилт тавьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-12 10:19:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийчүүд 2018 онд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь улсдаа жишигт тооцогдож үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймаг болсон. Харин 2019 онд Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр батлагдсантай уялдуулж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас энэ жил залуучуудын оролцоог чухалчилж байна. Энэ талаар тус газрын дарга Б.Энх-Эрдэнээс тодруулж дараах ярилцлагыг авлаа.


-2019 он маань ерөнхийдөө отголох тийшээ хандаж байна. Энэ жилийн онцлох ажлуудаасаа хоёулаа яриагаа эхлүүлье.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас энэ оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд бид наймдугаар сарын 8-наас эхлээд 10 дугаар сарын 17-ныг хүртэл “Залуучуудын сар” болгон зарлаж, найман томоохон ажлыг зохион байгууллаа. Тухайлбал наймдугаар сарын 8-нд “Аавуудын өдөр”-өөр хүүхдүүдийг аавуудтай нь нэг өдрийг хамт өнгөрүүлэх, тэдний нандин харилцааг бататгах зорилготой сайхан үйл ажиллагаа зохион байгууллаа. Дараа нь наймдугаар сарын 20-22-нд “Залуус хөгжлийн эхлэл” чуулга уулзалтыг Хэнтий аймгийн 18 сумын хэмжээнд Хэнтий аймгийн ТББ, Оюутан залуучуудын холбоо, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. Энэ маань цаашид ирэх онуудад хийх ажлуудын төлөвлөгөөнд тусгагдсан олон санаачилгууд бий болсон үр дүнтэй ажил байсан.

Мөн манай байгууллага англи хэлний сургалтын төвтэй хамтарч “Жийе, түүе” үйл ажиллагааг зохиож, нэг өдрийг унадаг дугуй унангаа орчноо цэвэрлэж, Хэрлэн голынхоо эрэг дээр хөгжөөнт тоглоом тоглож өнгөрүүлсэн. Бид мөн зорилтот бүлгийн иргэд рүүгээ хандсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдгийн нэг нь марафон гүйлт байсан. Үүгээрээ дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй залуучуудынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох, шийдвэрлэх гарцыг хамтдаа олох гэх мэтчилэн үр дүнтэй ажил болсон гэж харж байна.

Мөн бид 10 дугаар сард ахлах ангийн сурагчид руу чиглэсэн “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, бүх нийтийн оролцоонд тулгуурласан “Гүйе” марафон, ангийн дарга нарын чуулга уулзалт, охидын чуулга уулзалт зэргийг амжилттай зохион байгууллаа. Удахгүй бид Улаанбаатар хотод сурч буй Хэнтий нутгийнхаа оюутнууд руугаа чиглэсэн АСК тэмцээн, аймгийн төрийн албаны залуучуудын дунд урлаг спортын наадам зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Өнгөрсөн онд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нэлээд олон томоохон ажлууд өрнөсөн санагдаж байна. Энэ жилийн тухайд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа зонхилж байх шиг байна?

-Өнгөрсөн жил гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр аймаг орон нутаг маань массаараа хөдөлгөөнд орж нийгэмд жинхэнэ утгаар нь үлгэр жишээ, сайн туршлага болж чадсан. Энэ жилийн тухайд залуучуудын дэд хөтөлбөр батлагдсан учраас бид залуучууд руугаа арай илүү чиглэж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ бусдыг нь яахан орхигдуулах билээ.

-Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ?

-Манай улс залуучуудын хөгжлийн индексээр 2016 оны байдлаар дэлхийн 183 орноос 71 дүгээр байрт эрэмбэлэгдэж залуучуудын эрүүл мэндийн байдал, боловсрол, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнээс гадна залуучуудын идэвх оролцоо ч чухал нөлөөтэй. Хөгжлийн хөтөлбөр батлагдсанаар залуучуудад илүү нээлттэй орчныг бий болгосон гэж ойлгож болно. Тодруулбал нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, өөрийн болон гэр бүл, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх үүргээ ухамсарласан өрсөлдөх чадвартай иргэн болоход чиглэж байгаа юм.

-Танай байгууллага цаашид юу хийх вэ?

-Бид ирэх онд хүүхдийн төлөө түлхүү ажиллана. Ер нь айл гэрийн аз жаргал бол үр хүүхэд шүү дээ. Хүүхэд л жаргалтай, аюулгүй өсөх ёстой. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд аймаг орон нутгийн бүх төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн бодитоор харагдах тэр нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Хүүхэд аливаа баяр ёслолын үеэр аав ээжтэйгээ цагийг өнгөрөөж чадаж байна уу, ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдох, эцэг эхтэй холбоотой асуудал, нийгмийн орчин, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр зэргийг эерэг ээлтэй байхад чиглэж ажиллана. Манай аймаг өөрөө хүүхдэд ээлтэй аймаг болохын тулд салбар дундын уялдаа холбоог сайжруулахаар бодлого боловсруулна. Энэ оны эхний найман сарын байдлаас харахад хүүхдийн тусламжийн утас 108 болон, хамтарсан багаар үйлчлүүлсэн 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ тоо өмнөх жилүүдээсээ өссөн байдалтай байгаад байна. Үүнийг нэг талаас нь харахад илрүүлэлт сайн байгаагаас гадна тухайн эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн мэдлэг мэдээлэл дээшилж байна. Хаана хандахаа мэддэг болж байна гэдэг маань давуу чанар л даа. Иймээс л бид ирэх онд хүүхдийн асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ