А321 онгоцны ослын хэргийг шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /Reuters/. Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг Египетийн эрх баригчид тус улсын Төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн прокурорын газарт шилжүүлэн өгчээ.
Уг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг өнөөг хүртэл явуулж байсан Египетийн Ерөнхий прокурорын газар Оросын онгоц гэмт үйлдлийн улмаас осолдсон гэх сэжүүр гарсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.
Шарм-эш-Шейх-Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан Оросын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн A321 нисэх онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд хөөрснөөсөө хагас цаг орчмын дараа Хойд Синай мужийн засаг захиргааны төвөөс урагш 100 км зайтай газарт осолдсон юм. Уг онгоцоор зорчиж явсан 217 хүн болон багийн 7 гишүүн бүгд амиа алдсан билээ.
Уг онгоц гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн тусламжтайгаар үйлдсэн халдлагын улмаас осолдсон болохыг ОХУ-ын Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч Владимир Путинд 11 дүгээр сард мэдээлжээ. Үүний дараа Москвагийн эрх баригчид Египеттэй агаарын харилцаагаа түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Д.Жаргал