Аймгуудад хуванцар хог бутлагч, преслэгч машин хүлээлгэж өглөө

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-11-12 17:33:51

Зураг дээр: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгуудын БОАЖГ-ын дарга нарт машин хүлээлгэн өгч байна. 


Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь гэсэн 8 аймагт хуванцар хог бутлагч, преслэгч машиныг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Цагт 300 кг хуванцар бутлах хүчин чадалтай, мөн преслэгч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай техникүүдийг БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олгож байна. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг Улаанбаатар хотод ажиллаж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.


Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр байдаг бөгөөд жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй байна. Харин энэхүү машинуудыг аймаг, орон нутагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм.

Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компани ажиллаж байна.


Холбоотой мэдээ