“Алтан намар” урлагийн наадамд 240 гаруй сурагч хамрагджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-13 15:11:05

Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын Соёлын төвөөс сумынхаа сургуулийн сурагчдын авьяас чадварыг нээж илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Алтан намар” наадмыг 15 дахь жилдээ зохион явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон энэхүү наадамд тус сумын сургуулийн 600 гаруй сурагчаас 240 гаруй нь хамрагдсан байна.

Өмнөх жилүүдэд зөвхөн урлагийн төрлүүдээр явуулдаг байсан бол энэ жилээс спортын төрлүүд нэмэгджээ. Тодруулбал, гоцлол, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, найрал дуу, язгуур урлаг, гар урлал, шатар, даам, гүйлт, бадминтон, агаарын теннис, хөл бөмбөгөөр сүлжих гэсэн төрлөөр 75 багц медалийн төлөө өрсөлдөж, шалгарсан сурагчаас бүрдсэн гала тоглолтоо сумандаа хийжээ.

“Манай Соёлын төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Алтан намар” урлагийн наадмаас шалгарч, авьяас чадвараа нээсэн олон сурагч улс, аймаг, бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Тухайлбал, Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдааны бүжгийн төрөлд 3 удаа тэргүүн байр, бүсийн уралдаанаас 2 алтан медаль хүртэж байсан. Мөн Улаанбаатар хотноо болсон “Гэгээн алсын одод” хүүхдийн наадмаас 3 удаа дууны төрөлд тэргүүн байр, Эрдэнэт хотод зохион байгуулсан хүүхдийн улсын уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртсэн сурагчид байгаа” хэмээн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр хэллээ.

 

 

Холбоотой мэдээ