Б.Батболд: Бичил уурхайг хаах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-13 17:31:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батболд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх бодлогоор иргэдийг нөхөрлөл байгуулж, бичил уурхай эрхлэхийг зөвшөөрсөн юм. Гэтэл иргэд бичил уурхайн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг ч томоохон компаниудад газраа түрээслүүлэн, ашигт малтмал олборлож, зохих стандарт дүрэм журам зөрчиж байгаагаас мэргэжлийн хяналтын байгууллагынхан бичил уурхайг хаах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Наранцацралт:

-Бичил уурхайн 12 нөхөрлөл байдаг. Түүний тал хувийн эрхийг цуцлахаар санал явуулсан. Уул уурхайн компани ашигт малтмал олборлох лиценз авахдаа 18 бичиг баримт бүрдүүлдэг. Гэтэл бичил уурхай эрхлэгчид Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээ гэсэн хоёр баримт бичигтэй байхад үйл ажиллагаа явуулж болдог. Иймээс үйл ажиллагааны талаар олон зөрчил үүсч байгаа. Аймгаас энэ талаар бодлого гаргах хэрэгтэй гэсэн юм.

Бүрэгхангай сумын нутагт сүүлийн хоёр жилд бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд 210,0 га газрыг авсан юм.

Холбоотой мэдээ