Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-15 07:52:14

МОСКВА. /RIA Novosti/. Хонконгт жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр бэртэл авсан далан настай эрэгтэй нас барсан тухай радио телевизийн RTHK корпорац мэдээлжээ.


Пүрэв гарагт Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болох үеэр цэвэрлэгээ хийж байсан эрэгтэйн толгой руу тоосгоор цохижээ. Уг эрэгтэйн биеийн байдал маш муу байна гэж мэдээлж байсан боловч орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө нас барсан байна.


Хонконгийн Засгийн газар талийгаачийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх санал тавьжээ.


Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд цагдаа нар 3600 гаруй хүнийг баривчилсан бол гэмтсэний улмаас 1500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн цагдаагийн 400 гаруй ажилтан бэртжээ. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан билээ. Гэсэн хэдий ч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд оролцох хүний нь тоо цөөрсөн боловч илүү балмад болсон байна.

Холбоотой мэдээ