“Alibaba” компанид 2.2 тэрбум кибер халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 11:32:15

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадад энэ сарын 11-нд зохион байгуулагдсан "ганц бие хүмүүсийн өдөр" буюу үнэ хямдруулсан бүх нийтийн худалдааны өдөр “Alibaba” компанийн аюулгүй байдлын хэлтэс 24 цагийн хугацаанд тус компанид халдсан 2.2 тэрбум кибер халдлагыг зогсоожээ.


"Компани хуурамч бүтээгдэхүүнүүдийг илрүүлж, гэмт этгээдүүдийн гаргасан үйлдлийн талаарх санал гомдолд хариу өгөхөөс гадна сэжиг бүхий гүйлгээнүүдийг илрүүлсэн” хэмээн тус компаний эрсдэл хариуцсан ерөнхий захирал Жесси Жэн мэдэгджээ.


Үнэ хямдруулсан бүх нийтийн худалдааны өдөр хакерчдын халдлагыг зогсоохын тулд 3 мянга гаруй мэргжилтэн ажилласан байна. Түүнчлэн “Alibaba” компанийн интернет аюулгүй байдлын алба энэ өдөр 1258 мөшгөлтийн алгоритм ашиглажээ. Дөрвөн нэгийн тоо давхацсан энэ өдөр “Alibaba” компани шинэ дээд амжилт тогтоосон юм. Энэ жилийн бүх нийтийн худалдааны өдөр компани 38.4 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн өдрийнхөөс 26 хувиар өссөн үзүүлэлт байсан аж.


Хятадад “ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 11-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг ажээ.

Холбоотой мэдээ