“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн Нью-Йорк, Торонтод гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-19 16:48:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспорт Олон улсын худалдааны төв” (EITC) ТББ-аас мэдээлснээр, ирэх оны 2-р сарын 19-21-нд Италийн Милан хотод болох “Lineapallespring” олон улсын үзэсгэлэнд манай улсын төлөөлөл оролцохоор болжээ.

Цаашлаад 2020 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк, Канадын Торонто хотноо “Монголд үйлдвэрлэв-Хойд Америк-2020” бизнес үйл ажиллагаа болох нь. Удаалаад Японы Токио хотноо ирэх оны 4-р сарын 1-3-нд “Tokyo fashion world” олон улсын үзэсгэлэн зохиогдох бөгөөд үүнд манай үндэсний ААН-үүд “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-аар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох боломжтойг мэдээлж байна.

2020 оны 9-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо “Coter ie 2020 News York олон улсын үзэсгэлэн, мөн оны 11-р сард БНХАУ-ын Шанхай хотноо “Шанхайн импортын экспо” олон улсын үзэсгэлэн болох албан ёсны төлөвлөгөө гараад байна. Энэ бүхэнд манай дотоодын компани, ААН-үүд оролцох бүрэн боломжтойг мэдээллээ.

“Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ нь жил бүр АНУ, Канад, Япон улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн юм. Тус төв нь Засгийн газраас зарласан “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг импортлогч орны хууль эрхзүйн орчинд нийцүүлэн бизнесийн эрсдэлгүйгээр экспортлоход дотоодын ААН-үүдэд туслан ажиллаж байна.


Тус төв нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээгээд байна. Энд эхний ээлжинд тус худалдааны төвд Монголын 6-8 брэндийг байршуулж, ноос ноолуур, арьсан бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаж байна. Мөн 10 дугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулж байна. Ирэх оноос энд байнгын худалдааны төв нээхээр болжээ. 

Цаашлаад АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөж байгааг EITC-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг мэдээлж байна. EITC нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа, экспо удаа дараа зохион байгуулан АНУ, Европын зах зээлд ложистикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийн нэгдээд байгаа билээ. 

Б.Болд

Холбоотой мэдээ