Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-19 17:30:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Генетик нөөцийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. 


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Манай орны ургамал, амьтны ховордох гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй гэдгийг тэрбээр тайлбарлав. Иймд байгалиа хамгаалах уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээн өвлүүлж ирсэн ард түмний хувьд, үүнийгээ баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 


Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэн нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээлд гарах боломж бүрдэж эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн үзжээ. 


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж байр сууриа илэрхийлж, салбарын сайд болон ажлын багаас хариулт авлаа. Дараа нь санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Дараа нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Батзориг ахлан ажиллахаар тогтов. 

Холбоотой мэдээ