А.Уранзаяа: Хаяг өөрчлөгдсөнөөр гэрчилгээ солих шаардлагагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-20 23:00:32


-Сэлэнгэ аймгийн Мандал сум аймагтаа хамгийн том, олон хүн амтай, үйлдвэр, аж ахуйн нэгж олонтой. Энэ утгаараа газрын харилцааны асуудал нэлээд хэл ам дагуулах, мөн тулгамдсан зүйлийн нэг байдаг болов уу. Ингээд газар олголтын асуудал танай суманд хэрхэн явж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай Мандал сумын хэмжээнд 8471 иргэнд 2831.4 га газрыг өмчлүүлсэн байдаг. Энэ нь сумын нийт газар нутгийн 31.09 га газар өмчлөгдсөн гэсэн үг. Манай сумын хэмжээнд нийт газрын 70 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг 20 хувийг суурьшлын бүс газар эзэлдэг. Иймээс өмчлүүлэх газар хомс, хүн ам ихтэй. 2003-2015 оны хооронд газар хүссэн 5700-гаад өргөдөл ирсэн. Энэ өргөдлийн дагуу 2015, 2016, 2017 онд Дууш хайрхан, Баруун, Дунд өлөнтийн хойно, Баянхангайн хойно, 41, 46-р зөрлөгийн урд болон хойно, 253-р зөрлөг, Билүүт, Хужирт, Түнхэл, Нарстай гээд бүх л боломжит газруудаа өмчлүүлсэн. Одоо шинээр газар өмчлөх нөөц байхгүй. Өнгөрсөн жил Баянголын хойно Өлөнтийн ам руу 200-аад иргэнд газар олгосон. Бид өөр сумаас газар олгох боломжит газруудыг судалж байгаа. Одоогийн байдлаар өргөдөл өгсөн нийт хүнээс шийдвэрлэгдээгүй 2300-гаад өргөдөл бий.

-Эдгээр хүмүүсийн өргөдлийг хэзээ шийдвэрлэх вэ?

азар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн жилдээ тусгагдсан газрыг л олгодог. Манай сумын хувьд энэ жил 200-аад иргэнд Дунд өлөнтийн хойно газар олгохоор тусгасан. Энэ 11 сарын сүүлээр газраа өгнө. Газар олгох үйл ажиллагааг хуулиндаа 30 хоногт шйидвэрлэхээр заасан байдаг. Харин газар нь шийдвэрлэгдээгүй 7, 8 жил болж байгаа иргэний хувьд газар нутаг байхгүйгээс болж байгаа юм.

-Мэдээж хүн бүр л газартай, хувийн өмчтэй болохыг хүсч байгаа. Танай сумын тухайд газрын маргаан хэр гардаг вэ?

-Газрын даамлууд газар чөлөөлөх мэдэгдэл өгөөд түүний дагуу байгаль орчны улсын байцаагч зөрчлийн тухай хуулиар болон газрын тухай хуулиар арга хэмжээ авдаг. Бид маргааныг аль болох байгаль орчны улсын байцаагчид шилжүүлэхгүйгээр газар дээр нь шийдвэрлэх тал дээр ажиллаж байдаг. Энэ жилийн хувьд 21 иргэнд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. 10-аад нь шийдвэрлэгдсэн. Үлдсэн 11 нь байгаль орчны улсын байцаагчид шилжсэн. Газрын тухай хуулийн 57-р зүйлийн дагуу газрын маргааныг ажлын 14 хоногт шийдвэрлэнэ гэж заасан боловч зарим тохиолдолд хугацаа сунадаг талтай.

-Иргэд газар өмчлөх өргөдөл өгөхөөс гадна гол төлөв ямар асуудлаар танайд ханддаг вэ?

-Газраа өмчлөх болон эрх шилжүүлэхийг хүссэн иргэд маш их ирдэг. Мөн өвөлжөөний газар авах гэсэн иргэд ч ирдэг. Газраа кадастрын мэдээллийн санд оруулаагүй 250-аад иргэн байгаа. Улсын бүртгэл болон барилга хот байгуулалтын газрын хамтарсан системийн дагуу газар эзэмших гэрчилгээнд давхар Э дугаар авч улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал байгаа. Энэ нь ажлын 5 хоногт аймгаас улсын бүртгэлийн дугаар ирэхийг хүлээдэг тул энэ асуудал дээр нэлээд хүлээлт үүсдэг.

-Тэгэхээр танай суманд шинэ хаягжилтын ажлыг хийж байгаа гэсэн. Энэ үйл ажиллагаатай холбогдуулаад гэрчилгээгээ солих уу?

-Хаягжилтын тухай хуулийн дагуу Мандал суманд байгаа бүх хаяг өөрчлөгдөж байгаа. Өмнө нь багийн дарга нар хаяг өгдөг байсан. Харин одоо манай газрын алба хаяг өгдөг болсон. Дугаарлалт нь цагийн зүүний дагуу явж байгаа. Жишээ нь нэгдүгээр гудамжинд байгаа айлууд бүгд 100-р дугаарлагдаад хоёр дахь гудамжуудыг 200-р дугаарлаж байгаа. Хаяг өөрчлөгдсөнөөр улсын бүртгэлийн мэдээллийн сан нь өөрчлөгдөнө. Харин гэрчилгээгээ солих шаардлагагүй.

-Газрын гэрчилгээ маань хувийн өмч учраас үнэт цаас. Хэрвээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Газар өмчлөх гэрчилгээгээ гээгдүүлсэн бол үл хөдлөхөд хандаж авна. Харин газар эзэмших гэрчилгээгээ гээгдүүлсэн бол манайд хандах ёстой. Эзэмших гэрчилгээгээ дахин авахдаа иргэний үнэмлэхний хуулбар, өдөр тутмын сонинд зарлуулсан бичиг эсвэл сонин нь эх хувиараа, тэмдэгтийн хураамж 6000 төгрөг, мөн банкны барьцаанд байхгүй гэсэн бичиг авч ирээд сумын Засаг даргын захирамжаар дахин гэрчилгээгээ авна. 

Холбоотой мэдээ