Арабын Элчин сайдын яамны орон сууц бүхий газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 17:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өнгөрсөн сарын 8-нд өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.


Төслийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр хэмжээтэй газар худалдан авч, Элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.


Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцод хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй дээрх газрын солбицлыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадалж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ