Н.Буянбаатар: "Сэрсэн тал" тоглолт монгол хүний бахархал байх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 25-ны өдөр болно. Тоглолтын талаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, МУУГЗ Н.Буянбаатараас тодрууллаа.
- Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлийн 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын онцлог юу вэ?
-Одоогоос 35 жилийн өмнө БНМАУ тунхагласны 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Б.Шаравын “Сэрсэн тал” хэмээх удиртгал хөгжмийг анх тоглосон байна. Тэр үед улс тунхагласны ой, намын баярын концерт, төрийн наадмын тоглолтыг бэлтгэхэд мэргэжлийн урлагийн байгууллагын тоглолтыг бараг нэг сар гаруй хааж байгаад бэлддэг байлаа. Тэр үеийн 60 жилийн хүндэтгэлийн концертыг одоогийн Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров найруулж байжээ. Концертыг найруулахдаа Б.Шаравт Үндэсний найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжим бичих үүрэг өгчээ. Ингэснээр Б.Шарав тус бүтээлээ анх бичиж Төрийн шагналт Ж.Чулууны удирдлагаар 150 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмөөр дээрх удиртгалыг тоглосон байна. Энэ цагаас хойш 35 жил болсон түүхийг бид хүндэтгэн дурсаж, тоглолт хийхээр бэлтгэж байна.
Арваннэгдүгээр
сарын 25-ны өдрийг сонгосон учир нь 35 жилийн өмнө тоглож байсан энэ өдөр нь юм.
-Өмнө нь ингэж тоглолт зохион байгуулж байсан уу?
-30 болон 33 жилийн ойг нь тэмдэглэж байсан юм билээ. 33 жилийн ойн тоглолтыг бол хөгжмийн зохиолчийн бие тааруу байхад нь хандивт зориулан тоглосон удаатай. Б.Шарав багштай бид анх ярихдаа, зөвхөн тэгш ойн өдрүүдээр жилд нэг удаа тоглодог байя гэж тохирсон. Тиймээс энэ жил тэгш ой буюу 35 жилийн ойг хүндэтгэн “Apple” продакшн, “Таван нүдэн” компанитай хамтран зохион байгуулж байна.-Тоглолтод ямар бүтээл тоглох вэ?
-Тоглолтод хөгжмийн зохиолчийн алдартай бүтээл “Сэрсэн тал”-аас гадна үндэсний хөгжмийн төрлүүдэд туурвисан бүтээлүүд, мэргэжлийн дуулаач нарт зориулсан ард түмний сонсох дуртай дуунууд эгшиглэнэ. Б.Шарав багш үндэсний хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, ятга, шанз, хуучир, ёочин хөгжмийн концертод маш олон бүтээл туурвисан байдаг. 30 жилийн ойн тоглолтод морин хуурын концертыг нь тоглож байсан бол, энэ удаад ятга хөгжмийг тоглохоороо онцлог. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ найрал хөгжимтэй хослон тоглоно. Б.Шарав гуайн хамгийн сүүлийнх нь “Эхийн сэтгэл шиг” бүтээл бол хайрт хань Д.Ганчимэгтээ зориулсан морин хуурын маш сайхан аялгуу. Үүнийг манай театрын морин хуурч Б.Алтанбагана үндэсний найрал хөгжимтэй тоглоно. Б.Алтанбагана бол алдарт морин хуурч Г.Жамьяны удмын үе дамжсан хөгжимчин. Энэ жил Г.Жамьян гуайн 100 жилийн ой тохиож байгаа учир “Эхийн сэтгэл шиг” аялгууг тоглуулж байгаа юм.
Мөн “Хөгжим ба нулимс” гэдэг дуун романсыг Б.Шарав багшийн алтан пянзны нээлтээр анх эгшиглүүлсэн. Энэ удаагийн тоглолтод Э.Анхбаяр гавьяат дуулна. "Монголын тал нутаг" дууг МУАЖ А.Долгор дуулна. Ер нь Б.Шарав багшийн бүтээлүүд мэргэжлийн дуулаачдад зориулсан байдаг. Тухайлбал, “Эгнэгт жаргаах хорвоо”, “Хайрхан уулын бараа”, “Аав ээжийн нутаг”, “Очоод золгоно доо” зэрэг дууг дурдаж болно. Дуулах дуучид нь дандаа дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч нар, Монголдоо төдийгүй дэлхийн тайзнаа болдог уралдаан тэмцээнд амжилттай оролцдог дуучид, гавьяатууд байх юм. Аав, ээж, уул ус, эх орноо магтан дуулах энэ тоглолт бол монгол хүний бахархал болох байх.