Эквадорын эрэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-17 11:17:01

ВАШИНГТОН/РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадорын эрэгт болсон газар хөдлөлт 7.8 магнитудын хүчтэй байсан тухай АНУ-ын Геологийн судалгааны алба мэдээлжээ.

Тус албаны мэдээллээр, газар хөдлөлтийн төв нь Педерналес хотоос баруун хойш 14 км зайтай газарт 10 км-ын гүнд байсан байна.

Газар хөдлөлтийн төвөөс 300 км зайтай эрэгт цунами үүсэх магадлалтай байгаа аж. Бямба гарагт орон нутгийн цагаар 23 цаг 58 минутад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эквадорын томоохон хот болох Гуаякильд наад зах нь нэг хүн амиа алдаж, дэд бүтцийн хэд хэдэн байгууламж сүйдсэн гэж хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Газар хөдлөлтийн дараа  Эквадорын эрэгт 1 метр хүртэл өндөр цунами үүсч болзошгүй гэж Цунамигаас сэрэмжлүүлэх Номхон далайн төвөөс мэдээлсэн байна.

Цунамын сэрэмжлүүлэг мөн Колумб, Коста-Рика, Панам, Перу улсад хамаатай байна. Эдгээр улсын эрэгт 0.3 метр хүртэл өндөр цунами дэгдэж болзошгүй гэж тус төв мэдээлжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Эквадорын нийслэл Кито хотын зарим хэсэг гэрэл цахилгаангүй болсон байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ