“Их дуулга”-аас Г.Одбаяр хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” тэмцээн Япон Осака хотноо 2 дахь өдрөө үргэлжилж эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр хүрэл медаль хүртэв.
Түүний жинд Эбинума Масаши, Хашимото Сойчи /хоёул Япон/ нар алт, мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Тажикстан жүдоч Махмадбеков Сомон, Г.Одбаярын хамт хүртжээ. Тус тэмцээнд 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх хүчээ сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор очсон байна.
Их дуулгын эхний өдөр Монголын 6 бөх барилдаж, хэдэн сар завсарлаад байсан эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид ялагдсан. Улмаар дагах барилдаанд Польшийн бөх Арлета Подолакийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Харүко Фүнакүбог ялснаар Д.Сумьяа Осакагийн “Их дуулга”-аас Монголын багийн анхны медалийг хүртсэн юм.