Ш.Цэрэндулам: Барилга, орон сууцтай холбоотой өргөдөл гомдол их гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-25 17:26:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-т ирж буй иргэдийн санал гомдлын дийлэнх нь барилга, орон сууц, худалдаа, нийтийн үйлчилгээ, харилцаа холбооны салбартай холбоотой байна.

Энэ талаар ШӨХТГ-ын газрын дарга Ш.Цэрэндулам өнөөдөр мэдээллээ. Тэрээр иргэдийн санал гомдол өмнөх онуудаас мянгаас 1500-аар нэмэгдсэнийг дуулгалаа. Барилга, орон сууцтай холбоотой өргөдөл гомдол, нийтийн ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, харилцаа холбооны салбарт мөн гомдол ихээр гарч цаашид нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь иргэд, хэрэглэгчдийг бухимдуулсаар байна гэв. ШӨХТГ өнгөрсөн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна.


Ш.Цэрэндулам: Жуулчдын компаниуд хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамгүй байна


ШӨХТГ-ын "Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв"-д энэ оны эхний 11 сард 2760 гаруй иргэн хандан гомдол санал ирүүлжээ. Үүнээс өргөдөл гомдол 713, санал, мэдээлэл 540, зөвлөмж хүссэн 1500 гомдол иржээ.

Тэрээр, “Өвлийн аялал жуулчлал эхэлж, иргэд аялал жуулчлалын газарт хандах нь их болсон. Үүнтэй зэрэгцэн аялал жуулчлалын үйлчилгээний талаарх санал гомдол их ирж байна. Энэ талын хяналт шалгалтыг ШӨХТГ-аас саяхан явуулсан” гэв.

Шалгалтаар аялал жуулчлалын компаниудын ихэнх нь гадаадад жуулчин илгээх үйл ажиллагаа эрхлэх ангиллын гэрчилгээгүй байжээ. Мөн жуулчинтай байгуулсан гэрээ стандарт бус, хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам байхгүй байна. Гадаадын аялал, жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээнд жуулчинд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар тусгаагүй зэрэг зөрчил илэрчээ. 

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ