“Эзэн заяа” яруу найргийн наадамд Үй Цай сургуулийн сурагчид шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй Цай” сургуулиас зохион байгуулдаг “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу
найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит энэхүү тэмцээнийг
тус сургуулийн Монгол хэл уран зохиолын танхимаас 8 дахь жилдээ зохион
байгуулав.
Энэхүү наадам нь сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран
унших, шүлэг зохиох, авьяас чадварыг урамшуулан дэмжих, эх орон, ёс заншил,
түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах үндэсний
ухамсрын төлөвшлийг дэмжих, яруу найрагчийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх
зорилготой.
Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар
явуулсан юм. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 60 гаруй
сурагч өрсөлдөв. Тус тэмцээнд Дорноговь, Төв аймгаас сурагчид оролцон жилээс
жилд өргөжин хүрээгээ тэлж, оролцогчдын идэвх оролцоо, ур чадвар улам сайжирч
байгааг шүүгчид хэлж байна.
Тэмцээний шүүгч, МЗЭ-ийн гишүүн, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит
шагналт, зохиолч, яруу найрагч Ж.Сарантуяа ярихдаа, “Найм дахь удаагийн энэхүү наадмын сүүлийн гурван
удаагийн наадамд шүүгчээр оролцож байна.
Тэр бүр бичихээ больсон найраглал хэмээх бичлэгийн төрлийг сурагчид уншиж
байгаа нь сэтгэлд таатай байна. Зохиол бүтээл яру найраг, найраглалыг уншина
гэдэг хүүхдэд гоо зүй, ёс суртахууны ач холбогдолтой юм. Түүнчлэн тайзаа
эзэмших, дүрдээ орох, өгүүллэгээ өөрийн болгож цээжлэх, үзэгчидтэй харилцах
зэрэг мэдэгдэхүүн өгч буйгаараа энэхүү тэмцээн цогц сургалт болж байна. Цаашид
зөвхөн ерөнхий боловсролын сургууль төдийгүй их дээд сургуулийн оюутнууд,
ялангуяа сэтгүүлчийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулан, Монгол орон
төдийгүй дэлхий даяар хүсэн хүлээдэг наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тэмцээн Д.Пүрэвдоржийн болон бусад яруу найрагчдын эх орны сэдэвт шүлэг, яруу найргаас сонгон унших,
өгсөн сэдвийн дагуу шүлэг зохиох зэргээр шилдгүүдийг шалгаруулсан юм.
Тэмцээний бага насны
ангилалд нэгдүгээр байрт Үй Цай сургуулийн сурагч Ө.Намуун, дэд байрт Үй Цай
сургуулийн сурагч С.Гэлэгжамц, гуравдугаар байрт 50 дугаар сургуулийн сурагч
Б.Мөнхжин, тусгай байрт Үй Цай сургуулийн сурагч П.Гэгээн, 50 дугаар сургуулийн
сурагч Б.Энхжин нар шалгарлаа.
Дунд насны ангилалд нэгдүгээр байрт 16 дугаар сургуулийн сурагч Ш.Цогзолмаа, дэд байрт Үй Цай сургуулийн сурагч М.Бишрэлт, гуравдугаар байрт 93 дугаар сургуулийн сурагч Н.Эрмүүн, тусгай байрт Үй Цай сургуулийн сурагч О.Нандин-Эрдэнэ, 141 дүгээр сургуулийн сурагч О.Сайнзаяа нар шалгарав.