Баянхонгор Мазаалай баг улирлын эхний хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-28 14:27:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн Тэргүүн хэсгийн хоёр тоглолт явагдсан бөгөөд эхнийх нь  Баянхонгор Мазаалай баг, лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Улаанбаатар багтай хүч үзэж Мазаалайн ялалтаар өндөрлөв.


Эхний тоглолтууддаа хожигдсон хоёр багийн тулаан тун сонирхолтой болж эцсийн мөчид 104:98-аар Баянхонгор Мазаалай баг ийнхүү улирлын эхний ялалтаа авч чадлаа. Тус тоглолтод Мазаалай багийн бүрэлдэхүүнд легионер тоглогч Маркус Хэммондс болон үндэсний лигийн дэд хэсгийн аварга, улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Ганбаатар нар нэгдэж улирлын эхний тоглолтоо хийсэн.


Багийн шинэ гишүүд онцгой байж Н.Ганбаатар 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Хэммондс 20 оноо, 12 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч улирлын анхны трипл дабл үзүүлэлтийг гаргав. Баянхонгор Мазаалай баг эсрэг багаасаа будагтай талбайд авсан оноогоороо 18-аар илүү байсан нь хожил авах хамгийн том шалтгаан байв.


Харин Улаанбаатар багийн залуус бөмбөг алдалтаас авсан оноо, мөн хоёр дахь боломж, хурдан довтолгоогоор авсан оноогоор илүү үзүүлэлттэй тоглосон.

Холбоотой мэдээ