Элсний хөл бөмбөгийн ДАШТ-д Португалын баг гурав дахь удаагаа түрүүлжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-12-02 14:31:36

МОСКВА. /TASS/. Парагвай улсад 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд болсон элсний хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод Португалын эрэгтэйчүүдийн шигшээ баг Италийн шигшээ багийг 6:4 онооны харьцаатайгаар хожжээ.


Португалын шигшээ багаас Леонардо Баррал Мартинс /8, 28 дахь минутад/, Жордан /18, 26, 45/, Андре Фонсека Лоуренсо /18/ нар гоолдсон байна. Харин Италийн багаас Эммануэле Зурло /6/, Дарио Рамачиотти /31, 46/ болон Жозеф Жуниор Жентилин /31/ гоол оруулжээ. Тоглолтын 27 дахь минутад Италийн хөлбөмбөгчин Габриэле Гори торгуулийн цохилтыг хийж чадаагүй байна. ОХУ-ын баг гуравдугаар байрын төлөөх тоглолтод япончуудад 5:4 онооны харьцаатай хожигджээ.


Португалийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-д түрүүлж байгаа юм. Португалчууд өмнө нь 2001, 2015 онуудад аваргалж байв.


Элсний хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг 1995 онд явуулжээ. 2005 оныг хүртэл жил бүр зохион байгуулдаг байсан боловч хоёр жилд нэг удаа явуулж байхаар болсон байна. Энэхүү тэмцээнийг Бразил улс 13 удаа, Франц, АНЭУ, Итали, Таити арал, Португал, Бахамын арлууд тус тус нэг удаа зохион байгуулжээ. 2021 оны ДАШТ ОХУ-ын Москва хотод болно.


Холбоотой мэдээ