ҮХЦ-ийн даргаар Н.Чинбатыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн өнөөдрийн нийт гишүүдийн хуралдаанаар, тус цэцийн даргаар Н.Чинбатыг сонгов.
Хуульд заасны дагуу цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлж хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хураасан байна. Ингээд ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбат нийт гишүүний олонхын санал авчээ.
Тэрээр, өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, ХЗДХ-ийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.
Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн өмнөх дарга Б.Одбаяр нь өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг цэцийн өмнөх хуралдаанаар хэлэлцэн ёсоор болгосон юм.