Ё.Баатарбилэг: Цөлжилттэй тэмцэхэд БНХАУ-тай төсөл хэрэгжүүлэхээр тохирсон

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-06 11:37:42

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс айлчлалын нь талаар тодрууллаа. Тэрбээр БНХАУ-ын холбогдох гурван салбарын сайдтай хийсэн уулзалтууд ажил хэрэгч, үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байна.


     -Та энэ удаагийн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?          

    йлчлалын хүрээнд БНХАУ-ын ШУТ-ийн сайд, Боловсролын сайд, Соёлын сайд нартай уулзлаа. Хоёр улсын хооронд БСШУ-ны салбарт олон жил, олон чиглэлээр нягт хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хоёр орны эдгээр салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хувьд гэвэл, БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр тус улсад Монгол Улсаас оюутнууд суралцуулж байна. Өнгөрсөн хугацаанд 3800 орчим оюутан тус тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн байна.

Өнөөгийн байдлаар, БНХАУ-д 8000 гаруй оюутан суралцаж байна гэсэн тоон мэдээлэл байдаг. Эдгээр оюутны нийгмийн асуудал, суралцаж буй чиглэл, оюутнуудын ахуй нөхцөлд нь тулгарсан олон асуудал байдаг талаар бидэнд санал хүсэлт ирдэг. Эдгээр асуудлыг хоёр орны салбарын сайд нарын уулзалтын түвшинд ярилаа. Оюутнууд маань гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, сургуулиа солих, сургууль солихын хэрээр тухайн квот нь зөрчигдөх, үгүй болох зэрэг манай талд хохиролтой асуудал нэлээд гардаг. Үүнийг цаашид яаж шийдвэрлэх, оюутны квотыг нэмэхээсээ илүүтэй, одоо байгаа квот дээрээ манайд эрэлттэй мэргэжлүүдээр яаж сургах вэ гэдэг асуудал байдаг. Энэ хүрээнд оюутан солилцооны асуудлыг тус улсын Боловсролын сайдтай нь ярилаа.

Мөн хоёр улсын ЕБС, сургуулийн өмнөх боловсролын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа бага байдаг. Хөрөнгө оруулалтын түвшинд БНХАУ-аас манайд 7 сургууль, 1 цэцэрлэгийг буцалтгүй тусламжийн хүрээнд барьж өгч байгаа. Цаашид ЕБС-ийн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах чиглэлийн асуудлыг ярилаа. Үүнийг Боловсролын сайд нь дэмжиж байна.

 ШУТ-ийн сайдтай хийсэн уулзалт мөн амжилттай боллоо. Хоёр улсын хооронд хийгдсэн ШУ-ны салбарыг хөгжүүлэх урт хугацааны хэд хэдэн баримт бичиг бий. Энэ баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажил тодорхой түвшинд хүрээд зогссон. Жишээлбэл, молекул биологийн чиглэлийн лабораторийн төсөл хэрэгжээд, эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд Монголд оччихсон. Хоёр тал байр сууриа нэгтгэж байж хоёрдугаар ээлжийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх асуудал байсан. Үүнийг цэгцэлж, харьяаллыг нь тодорхой болгож тохирлоо.

2009 онд байгуулсан, БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлгээр “Архелогийн хамтарсан судалгаа явуулах” санамж бичгийн хүрээнд хийх ажил эхлээгүй байсан. Үүнийг эхлүүлж, төслөө хэрэгжүүлье гэдэг асуудал дээр санал нэгдлээ. ШУТ-ийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сантай хамтарсан суурь судалгааны төслүүд хэрэгжүүлэх ажил байгаа. Энэ бол нэлээд эрчимтэй хөгжүүлэх боломжтой ажил гэдэг дээр санал нэгдлээ.

Бас нэгэн чухал ажил бол гурван улсын эдийн засгийн коридорын асуудал. Гурван улс эдийн засгийн хувьд коридор үүсгэж, хамтарсан эдийн засгийн томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлэх гэж байгаа нөхцөлд, энэхүү коридороо түшиглэн ШУ-ны салбартаа гурван улс хамтарсан төсөл хэрэгжүүлье гэдэг саналыг манай талаас тавьсан. Энэ саналыг өмнө нь ОХУ-ын ШУТ-ийн сайдтай уулзахдаа тавихад ОХУ-ын тал дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хятадын тал мөн дэмжиж байна. Тэгэхээр гурван улсын ШУ-ны байгууллагууд түүх соёл, ШУ-ны тодорхой төслүүдийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, цөлжилтийн эсрэг суурь судалгааны төсөл хэрэгжүүлье гэпэг асуудлыг бид тавилаа. Хятадын талаас хамтарч ажиллах, төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

    Мөн Соёлын салбарын хамтын ажиллагааны хувьд, маш амжилттай яриа өрнөлөө гэж бид үзэж байна. Хоёр улсын хооронд 2019-2021 онд хэрэгжүүлэх Соёлын салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан юм. Хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг зангидсан, хамтын ажиллагааны индэр болсон, үйл ажиллагааны бүтэц бий болгоё гэдэг асуудлыг Хятадын талаас тавьж байна. Ингэхдээ хоёр орны соёлын форум эсвэл зөвлөгөөнийг бий болгож, өндөр дунд бүхий л түвшинд уулзалт, хамтын ажиллагааг тогтмолжуулъя, хоёр улсын Соёлын асуудал хариуцсан яамдын харилцаа, холбоо, ажлын уялдааг сайжруулъя гэдэг дээр талууд санал нэгдлээ. Ингээд 2020 онд Бээжин хотод хоёр улсын соёлын салбарын томоохон форум зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

БНХАУ-ын циркийн байгууллага бол дэлхийд алдартай, сургалт судалгааны бааз сайтай улс. Монголын циркийн 15-20 хүнийг сургаж дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг манай талаас хөндсөн. Хятадын Соёлын сайд үүнийг бүрэн дэмжсэн. Мөн хоёр орны Засгийн Газрын хооронд, эсвэл хоёр яамны хооронд Соёлын өвийн хулгайтай тэмцэх санамж бичгийг ойрын хугацаанд буюу 2020 оны эхний улиралд багтааж байгуулъя гэдэг дээр байр суурь нэгдлээ.

Ерөнхийдөө, энэ удаагийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын холбогдох гурван салбарын сайдтай хийсэн уулзалтууд ажил хэрэгч, богино хугацаанд ажил хэрэг болгох, нэлээд үр дүнтэй уулзалтууд боллоо гэж дүгнэж байна.


-Эдгээр уулзалтаас гадна та Бээжин хотод зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаанд  оролцлоо шүү дээ. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?


Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд болж байна. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн Газраас ач холбогдол өгч, талууд тодорхой ажлыг хамтран зохион байгуулъя гээд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өнгөрсөн 7-9 сард Монголд Хятадын соёлын өдрүүд, Өвөрмонголын соёлын өдрүүд, Төвөдийн соёлын өдрүүд зэрэг олон соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Манай талаас ч мөн БНХАУ-д нэлээд хэдэн соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ өдрүүдэд Хятадын Бээжин болон Хөххотод Монголын соёлын өдрүүд албан ёсоор зохион байгуулагдаж байна. Тухайлбал, Кино өдрүүд, Гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Хятадын алдартай театрт тоглогдож байна. Эдгээр цогц  үйл ажиллагаа нь Монголынхоо соёлыг хөрш орнууддаа сурталчлахад нэлээд ач холбогдолтой юм. Ноднингийн 6-р сард бид ОХУ-ын Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан.

Бид хөрш орнууд, тив дэлхийн хэмжээнд Монголын соёлыг түгээн сурталчилж байх нь чухал. Соёлын дархлааг бий болгох, соёлоороо дамжуулж улс орноо түгээн сурталчлах бол зайлшгүй чухал ажил байдаг. Энэ удаагийн соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж байна. Цаашид соёлын өдрүүдийг тогтмолжуулах, цар хүрээг нь нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтойг Хятадын Соёлын сайд хэлж байна. Үүнтэй санал нэг байна.

Холбоотой мэдээ