Москва хотноо Монгол-Оросын бизнес форум боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” бизнес форум өнөөдөр боллоо.
Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн холбоог бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж, гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор ГХЯ, МҮХАҮТ, Оросын ХАҮТ хамтран зохион байгуулсан уг форум, үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-д албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгч, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.