ЭНЭ БОЛ “ХҮ”

ТОЙМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-08 16:51:59
@s_munkhbaatar

-Өрнө, Дорнын хөгжмийн зохицол Хүннү рок-

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхэллээ. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу "The Hu" хамтлаг нотлон харуулав. (https://www.thehuofficial.com/)

Тэд монгол үндэстний язгуур соёлыг орчин үетэй чадварлаг холбож буюу морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулан, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүрт рок сонирхогчдын сонорт хүрчээ.



“Хү” хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. “Wolf totem” дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорлоо. 

Дээрх амжилтаар зогсохгүй, энэ оны есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэг" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Харин хоёрдугаарт Өмнөд Солонгосын K-Pop урсгалын BTS хамтлагийн "Map of the Soul" цомог бичигджээ.  BTS хамтлагийн тухайд, БНСУ-ын эдийн засагт 2018 онд 3.54 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Үүнээс харахад, жилд 19 тэрбум ам.доллар эргэлддэг дэлхийн хөгжмийн зах зээлд Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа "Хүннү рок" урсгал өөрийн байр сууриа тогтоох боломж байна.


ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ ТАЙЗНЫ УРЛАГ БОЛСОН НЬ

Нүүдэлчин монголчууд хэдэн зуун дамжин өвлөгдөж ирсэн язгуур урлагийн хөгжмийн зэмсэг, үлгэр тууль, ерөөл магтаалыг 20 дугаар зууны эхэн үе буюу Богд хаант Монгол Улсын үеэс барууны хөгжмийн зэмсгээр баяжуулж эхэлжээ. 1950-иад оны үед оросууд бидэнд нот зааж өгснөөр, үндэсний хөгжмөө тайзны урлаг болгон хөгжүүлж монголчууд мэргэжлийн хөгжмийн урлагт хөл тавьсан.



Ингэхдээ, европ хөгжмийн стандарт, зохион байгуулалтыг хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн байна. Энэ нь чөлөөтэй зохиомжлон тоглодог уламжлалт сэтгэлгээг илүү баригдмал болгож, тогтсон хэв маягт оруулжээ. Учир нь тэд ихэвчлэн морин хуур, их хуур, цохивор, ятга, товшуур, ёочин зэрэг хөгжмийн зэмсэгтэй гитар, виолончель хөгжмийг хослуулдаг нийтлэг хэв маягтай. Чухам бид Ардчилсан хувьсгалаас хойш дэлхийн дуу хөгжмийг чөлөөтэй сонсож эхэлсэн ч өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үндэсний язгуур хөгжмийн урлаг нэг их өөрчлөгдсөнгүй. Морины шогшоо, хархираа хөөмийн түрлэгээр л хөгжмийнхөө найруулгыг шийдэж ирсэн нь хэвээр. Хэрвээ энэ хэв маягийг хэн нэгэн нь эвдэхгүй л бол тэд Монголынхоо жижиг зах зээлээс халихгүй нь тодорхой байв. 


(Зураг: "Алтан ураг" хамтлаг)


Гэхдээ чамлалтгүй амжилтыг манай язгуур урлагийн "Бөртэ", "Эгшиглэн", "Хөсөгтөн", "Алтан ураг" зэрэг хамтлаг гаргасныг энд цохон тэмдэглье. Тухайлбал, “Бөртэ”, “Эгшиглэн” хамтлаг дэлхийн хөгжмийн WOMEX наадамд оролцож байсан бол "Алтан ураг" хамтлаг Оросын нэрт найруулагч Сергей Бодровын "Монгол" уран сайхны кино болон "Netflix"-ийн “Марко поло” цувралын хөгжмийг бүтээж үндэсний хөгжмөө дэлхийд эгшиглүүлсэн юм.  Харин "Хөсөгтөн" хамтлагийн хувьд, “Авьяаслаг Азичууд-2015” наадмын хагас шигшээд шалгарснаар олны анхааралд өртөж, улмаар дэлхийн олон орноор аялан тоглох болсон юм. 


(Зураг: "Хөсөгтөн" хамтлаг)


Хэдийгээр, Монголд үндэсний язгуур урлагаа дэлхийд сурталчилсан хэд хэдэн хамтлаг байгаа ч “Хү” хамтлагийнх шиг богино хугацаанд сая сая хандалт авсан амжилт олоогүй. Тэдгээр хамтлагийн үндэсний өв соёлоо сурталчлах байдал, хөгжимдөх ур чадвар нь эхэндээ гадныхны сонирхлыг татах ч аажимдаа мартагддаг, зарим нь киноны дэвсгэр хөгжимчид болон хувирдаг. Энэ нь монгол хамтлагуудын менежмент сулаас гадна, мэргэжлийн лебел хэрэгтэй байгаагийн илрэл. Нөгөөтэйгүүр, манай улс соёл урлагийн салбартаа зориулах хөрөнгө оруулалт хангалтгүй байгаатай холбоотой юм. 


"ХҮННҮ РОК" ДЭЛХИЙД

"Хүннү рок" гэж хөгжимдөх, дуулах хэв маягаа тодохойлсон “Хү” хамтлагийнхныг АНУ-д төвтэй "Eleven Seven Label group" дэлхийн тайзнаа алдаршууллаа. Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог "Хүннү рок" урсгалыг есөн жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа дүнд санаачилсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Ховд аймгийн Чандмань суманд амарч байхдаа хархираа хөөмийг металь хөгжимтэй сүлэлдүүлэх санааг бодож олсон хэмээсэн байдаг. Хамтлагийн нэрний тухайд, "Хү" буюу "The Hu" нь англи, монголоор хүн гэсэн үгний эхлэл. Түүнчлэн Монголын анхны төрийн захиргаат улс "Хүннү" гүрний нэрийн эхэнд язгуур хэмээн бэлгэдэж өгсөн гэдэг. 



“Хү” хамтлаг нэр алдар нь цуурайтсан даруй анхны гадаад тоглолтоо Европын орноор эхэлжээ. Ингэхдээ нийт 13 оронд 23 тоглолт зохион байгуулж, дэлхийн томоохон найман рок хөгжмийн наадамд оролцож, үзэгч, сонсогчдод ая дуугаа өргөсөн. Ингээд Монголын Үндэсний их баяр наадмаар буюу энэ оны долдугаар сард тус хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нийслэл Улаанбаатар хотын дээд шагнал "Хангарди" одон, Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнуулсан. 

Анхны бие даасан "Гэрэг" цомгоо есдүгээр сард өлгийдсөний дараа АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлсэн юм. Нийт 60 орчим тоглолт хийхээс одоогоор 50 гаруйг нь тоглоод байна. “Хү” хамтлаг анхны цомгоо Монголын эзэнт гүрний үеийн анхны дипломат пасспортыг бэлгэдэж "Гэрэг" хэмээн нэрийдсэн нь юм. Хамтлагийн гишүүн Г.Нямжанцан, “Монголын эзэнт гүрнийг хүмүүс зөвхөн баатрууд, дайчдаар төсөөлдөг ч тэд анхны шуудангийн систем, анхны олон улсын худалдааны зам, дипломат паспорт зэрэг олон эерэг зүйлийг дэлхийд нээсэн" хэмээн Вашингтоны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 




"ЧИНГИС ХААН" ОДОНТ "ХҮ"

Саяхан тэмдэглэсэн Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж” “Хү”  хамтлагийг Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнав.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Энэхүү шагналыг олгох мөчид, Английн хатан хаан 1965 оны тавдугаар сард алдарт "Битлз" хамтлагт Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд бууж байна. "Битлз" хамтлаг Английн нэрийг дэлхийд сонордуулсантай адил Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дуурьсгасан явдлыг үнэлж байна" хэмээсэн.

Шагналыг хамтлагаа төлөөлөн гардсаных нь дараа, продюсер Б.Дашдондогтой уулзахад, "АНУ дахь аялан тоглолт 12 дугаар сарын дундуур дуусах бөгөөд тоглолтынх нь тасалбарын 90 хувь борлуулагдсан. Ирэх оны нэгдүгээр сараас Европын орноор аялан тоглох тоглолтын тасалбарын тал хувь нь зарагдсан" хэмээн ярьж байв.


"Чингис хаан" одонгийн тухайд

Монголын эзэнт гүрний удирдагч Их эзэн Чингис хааны мэндэлсний ойгоор тус одонг үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч нэг гавьяатанд олгодог уламжлал 2005 оноос тогтсон байна. Энэхүү одонг энэ жилээс байгууллага, хамт олонд олгох журмыг баталсан. "Хү" хамтлагт энэ жил тус одонг хүртсэн анхны хамт олон болсон юм. 



Одон хүртэгчид 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог. “Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн Монголын уламжлалт Үндэсний баярт уригдахаас гадна Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг хүртдэг. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэйг “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заасан байна. 


WHO IS THE HU?

Нэр алдар нь дэлхий дахинаа асар богино хугацаанд цуурайтаад буй энэ хамтлагийн талаар дэлхийн хэвлэл, алдартан, хөгжмийн тоймч, судлаачид ч байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Австралийн хөгжмийн зохиолч М.Чарльтон “Хү” хамтлагийн тухай нийтлэлдээ, "Эдгээр Монгол залуус ой тойнд багтамгүй аялгуугаар дэлхий дахинд өөрсдийн соёлыг таниулж байна" хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket house" хөгжмийн хөтөлбөртөө "Шинэ хөгжим сонсоогүй удсан байна" хэмээн “Хү” хамтлагийг онцолжээ. 



Хэдийгээр “Хү” хамтлаг 2016 онд байгуулагдсан ч хамтлагийн гишүүд хөгжмийн зэмсгээ эзэмших, хөөмийлөх чадвараа сайжруулахад олон жилийг зориулжээ. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторийг дүүргэсэн бөгөөд бүгд рок болон этник рок хамтлагуудад тоглож байсан мэргэжлийн уран бүтээлчид юм. Хамтлагийн продюсероор МУГЖ Б.Дашдондог ажиллладаг. Хамтлагийг Ц.Галбадрах ахладаг бөгөөд тэрээр аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэнэ. Харин төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, Гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, Хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог. Үүн дээр метал хөжим буюу Соло гитарыг А.Жамбалдорж, басс гитарыг Б.Батхүү тоглож байна. Үндсэн гишүүдээс гадна Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нар “THE HU”-гийн менежерээр ажилладаг.


"МОНГОЛ РОК" ДЭЛХИЙД

Монголын Үндэсний хөгжмийг Рок урсгалд ашиглаж байгаа нь зөвхөн “Хү” хамтлаг биш юм. Дэлхий даяар тархан суурьшсан Монгол үндэстнүүд ч соёл, уламжлалаа хадгалан, түүнийгээ орчин үеийн урлагт хослуулж дэлхий нийтийг гайхашруулж байгаа нь цөөнгүй. Монгол Улсаас гадна ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО дахь монгол үндэстний үндэсний хөгжмийн олон хамтлаг бий. Ерөнхийдөө, Монголын "Алтан ураг" тэргүүтэй хамтлаг анх үндэсний хөгжмийг шинэ өнгө төрхөөр метал хөгжимтэй гайхалтай хослуулж алдаршсанаар, энэ төрлийн хамтлагууд борооны дараах мөөг шиг олширсон. Тэдгээрээс онцлоход, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хангай” (Hanggai), “Есөн-эрдэнэ” (Nine Treasures) зэрэг хамтлаг Өвөрмонгол төдийгүй Хятад болон дэлхийн рок сонирхогчдын анхаарлыг “Хү” хамтлагаас өмнө татаад байв.  


Зураг: "Хангай" хамтлаг


“Хангай” хамтлаг нь 2004 онд байгуулагдахдаа, Хөхнуур, Бээжин, Хөлөнбуйр, Улаанхад зэрэг нутаг нутгийн долоон монгол залуугаас бүрдсэн байна. Тус хамтлаг нь өдгөө дэлхийн тайзнаа Хятадын хамгийн алдартай хамтлагийн нэгэнд тооцогдох болжээ. 

Харин "Есөн эрдэнэ" хамтлаг нь 2010 онд байгуулагдсан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар дүүргийн монгол залуусаас гаралтай аж. Тэд уран бүтээлдээ метал хөгжим, морин хуур, цуур зэргийг ашигладаг, мөн л дэлхийн тайзнаа танигдсан Хятадын алдартай хамтлагийн нэг болжээ. Тус хамтлаг 2013-2017 онд WOMEX, Wacken Open air зэрэг дэлхийн томоохон наадамд оролцохын сацуу Польш, Нидерланд, Австри, Болгар, Унгар зэрэг орноор аялан тогложээ. 


Зураг: "Есөн Эрдэнэ" хамтлаг


Тэд олон улсад танигдсан нэг шалтгаан нь Англи, Америк, Европын орнуудад байгаа хөгжмийн агентлаг (booking agent), тоглолт зохион байгуулагч (promoter), бичлэгийн лебел, продюсер, менежерээс бүрдэх багтай ажилладагтай холбоотой. Уг баг нь олон улсын хөгжмийн бизнесийн компаниудтай гэрээгээр хамтардаг аж. Тухайлбал, "Есөн эрдэнэ" хамтлаг нь БНХАУ-ын "Mort Production china" компанийн лебелд харьяалагддаг бол, "Хангай" хамтлаг нь "Tian Hao Entertainment"-ийн лебелтай гэрээтэй хамтран ажилладаг байна. 


ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА "ЛЕБЕЛ"

Монгол үндэсний хөгжимтэй метал хөгжим гайхалтай төгс зохицож байгаа нь хачирхалтай. Гадаадын томоохон лебелүүд энэ зохицлыг дэлхийн рок сонирхогчдод хуваалцахаар идэвхийлэх болжээ. Үүний адилаар, АНУ-ын томоохон медиа компани болох "Eleven seven Label group" “Хү” хамтлагтай хамтран ажиллаж байгаад талархууштай. "Eleven seven" студийн мэргэжилтэн Стив Клин хэлэхдээ, "Тэдний бичлэгийг хэчнээн хүн үзсэн нь бус маш өвөрмөц байдал нь бидний анхаарлыг татсан. Бид тэдний хийж буй зүйлд нэр ч өгч чадахгүй байсан ч сонсоход үнэхээр сайхан байсан. Тиймээс "лебел"-дээ авч хамтран ажиллахыг хүссэн” гэж нэгэн хэвлэлд онцолжээ. 



Ямартай ч дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд аль нэгэн "лебел"-д харьяалагддаг байх нь хамгийн чухал. Орчин үед хөгжмийн салбарынхан нэгдэн шинэ зүйл эрэлхийлэх, чанартай уран бүтээл гаргах, цомгоо зах зээлд борлуулах, сурталчлах зорилгоор нэгдэн "лебел" байгуулж байна. Тухайн "лебел" нь уран бүтээлчийг илтгэх нэрийн хуудас болохоос гадна тоглолт зохион байгуулах, сурталчлах, судалгаа хийх зэрэг ажлыг гүйцэтгэж, тасралтгүй хөгжих боломжийг олгодог. Үүний адилаар Монголын мэргэжлийн урлагийнхан нэгдэж, хөгжмийн "лебел" үүсгэж уран бүтээлээ чанартай хийдэг болбол дэлхийд өрсөлдөх нөөц боломж байна. Учир нь Монгол үндэсний хөгжмийн урлаг дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Ганц монгол ч гэлтгүй ерөнхийдөө дэлхийн урлагийн салбарууд хөгжилдөө тулж, шинэ зүйл эрэлхийлэхдээ, эргээд хуучин өв, соёл, үлгэр домгийн ертөнц рүү өнгийх болсон нь үнэн. “Хү” хамтлагийн ачаар Монголын төр засаг урлагийн салбартаа анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Урлагийн салбараа бодлогоор дэмжээд, уран бүтээлчдийнхээ ажиллах нөхцөл боломжийг хангаад өгвөл, магадгүй "Хүннү рок" чиглэлээр бүтээл туурвих уран бүтээлчид олширч Солонгосын "К-поп" шиг алдартай урсгал болохыг үгүйсгэхгүй. Цаашлаад дэлхий нийт Монголыг сонирхох болж, аялал жуулчлалын салбарт ч их ахиц дэвшил авчрах боломжтой юм. 


ДЭЛХИЙН АРХЕЛОГИЙН НЭЭЛТ БА ЛОГО



Монголын нутаг дэвсгэр дэх анхны төрийн захиргаат улс болох Хүннү гүрний үед ард иргэд нь цоохор ирвэсийг шүтэж, сүлдээ болгож байжээ. Үүнийг 2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын "Гол мод" гэх газарт Хүннүгийн үеийн язгууртны хэргисүүрт хийсэн малтлагаас олдсон олдворт үндэслэн тогтоосон байна. 

Уг бөөрөнхий хэлбэртэй олдворт дүрсэлсэн зүйл луу шиг харагдах ч эцэстээ мурилзсан ганц эвэрт цоохор ирвэс болохыг судлаачид тодорхойлжээ. Тиймээс энэхүү судалгааны баримтад тулгуурлан, уг олдвороос сэдэвлэн тухайн үеийн хэв маягийг харуулсан дүрсийг бүтээж, логогоо бүтээсэн хэмээн "Хү" хамтлагийн зураач Б.Хишигсүрэн тайлбарлаж байна. 

Ганц эвэрт ирвэс нь цор ганц гэсэн бэлгэдэлт утгатай хэмээн судлаачид үзэж байгаа юм. “Хү” хамтлагийн лого ч уг бэлгэдэлт утгыг давхар шингээжээ.


 ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН ӨВ "ХҮ"-Д БАЙНА

Тус хамтлаг нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн хөгжмийг уран бүтээлдээ ашиглаж байна. Тодруулбал, морин хуур хөгжмийг 2003 онд “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсан байна. Түүнчлэн, "Монгол цуур" хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн  “Яаралтай хамгаалах шаардлагатай ​Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэжээ.

Тэдний дуулах хэв маяг нь Монголын уламжлал хархираа хөөмэйн төрөлд хамаардаг. Монгол Хөөмэйг 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн байна. Ингээд "Хү" хамтлагийн хэрэглэдэг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг товч танилцуулъя.


Морин хуур хөгжим

Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа, илэрхийлэх чадвар сайтай, хийц ба эгшиг дуурьслын төгс төгөлдөр зохицлыг  олсон хөгжмийн зэмсэг юм.  Тиймдээ ч Монголын ард түмэн "Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар илэрхийлэгч" хэмээн морин хуураа дээдэлдэг. 

Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд энэ хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. 



Цуур хөгжим

Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч монголчуудын олон зууны турш хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл. Хэдийгээр гуравхан нүхтэй ч хөг аялгуу нь байгаль дэлхий, уул усны чимээ, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны эгшиглэгээг орчин цагийн боловсронгуй зэмсгээс дутуугүй илэрхийлдэг. 



Хэл хуур

Уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгийн нэг нь хэл хуур юм. Хэл хуур нь хэлбэр, хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж дэлхийн 160 гаруй оронд тархсан байна. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй 21 дүгээр зууны босго алхсан эл хөгжмийн зэмсгийг монголчууд хоёр мянганы тэртээгээс хэрэглэж иржээ.




Товшуур

Товшуур нь хүн төрөлхтний чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг, нэн эртний хөгжим бөгөөд өнөөг хүртэл Ойрад монголчуудад хадгалагдан үлджээ. Товшуурын дуугарах өнгө, ай нь царны зузаан нимгэн, бүрээсны материалаас шалтгаалах ч ерөнхийдөө цөлдөндүү огцом дуугарна. Царны бүрээсийг могойн арьс, ямааны цавины нимгэн арьс, үхрийн үнхэлцэгний хальсаар хийж иржээ. Ойрад Монголын олон ястны дунд дэлгэрэхдээ ааган, хилдүүр, бөөрөнхий, дөрвөлжин, хун, чандмань, янгир, гибэр зэрэг олон хэлбэр төрхтэйгөөр урлан хөгжимддөг байв. Товшуурыг тууль хайлах, үлгэр, магтаал, ерөөл хэлэх, дуу бүжгийн ая тоглох болон үндэсний бусад хөгжмийн зэмсгүүдтэй хавсран цөөхүүл, найруу хөгжим тоглоход ашигладаг байна.


Хэнгэрэг

Модон хүрээ царанд амьтны арьс татаж янз бүрийн хэмжээтэйгээр хэнгэрэг хийх бөгөөд гогчлон бөөгийн шүтлэгтэй ард түмэн ашигладаг. Хэнгэргийн царанд шигшүүрэг хийж хослон дэлдэх нь элбэг. Эрт дээр үеэс монголчууд хүрэл, зэс, гууль хэнгэрэг үйлдэж элдэв зан үйлд хэрэглэж байжээ. Өдгөө хэнгэрэг нь Ардын буюу язгуур хэнгэрэг, Найрал хөгжмийн гэсэн үндсэн хоёр төрөл зүйлтэй байна.


Холбоотой мэдээ