Жендэрийн мэдрэмжтэй байгууллагуудыг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-09 15:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Ойлгоё хүндэлье” уриан дор эхлүүлээд байгаа билээ.

Аяны хүрээнд өнөөдөр болсон “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганаар жендэрийн мэдрэмжтэй нийслэлийн дүүрэг, хороо, төрийн байгууллага, олон улсын байгууллага, ААН-үүдийг тодрууллаа.

Тэдгээр байгууллагын нэг Үндэсний стаститикийн хороо (ҮСХ)-г жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэн, жендэрийн тэгш байдлыг ханган ажиллаж буйг үнэлэн “Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар өргөмжлөв.

ҮСХ нь жендэрийн статистикийн үзүүлэлтийг тодорхойлох ойлголт, аргачлалыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгон бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна.

Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг бодитойгоор олж харах боломжтой статистик мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх ажлыг хийж байна.

Дээрх ажлыг олон нийт, нийгэмд хэвшүүлэх, баримтад тулгуурласан бодлогуудыг томьёолж, тэдгээрийн нөлөөг хэмжиж, үнэлж дүгнэхэд жендэрийн статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай болоод байгааг шагнал гардуулах үеэр дурдаж байв.

Холбоотой мэдээ