Асгатын мөнгөний ордын далд уурхайг нээхээр ажиллаж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-09 22:27:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, "Асгат" компанийн инженер, техникийн ажилчид Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаны аврагчидтай хамтран тус аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний далд уурхайг нээж байна.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу уурхайн амыг нээх ажлыг өнгөрсөн сард эхлүүлжээ. 

Монгол Улсын стратегийн орд болох Асгатын мөнгөний орд нь 1991 оноос хойш 29 жилийн турш хаагдсан байдалтай байгаа. Дээр дурдсан хамтарсан баг далд уурхайг нээх, олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галерейг сэргээх ажлыг далайн түвшнээс 2780 метр өндөрт, -20-30 хэмийн тэсгэм хүйтэнд гүйцэтгэж байгаа ажээ.

Ташрамд сануулахад, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар лицензийг нь "Монросцветмет"  нэгдлээс “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн юм.

Холбоотой мэдээ