НҮБ мансууруулах бодисын асуудлыг хэлэлцэж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. Мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ тусгай чуулган тус байгууллагын төв байранд өнөөдөр эхэлж байна. НҮБ-ын гишүүн орнууд гурав хоногийн хугацаанд Улс төрийн тунхаг болон Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тоймлон дүгнэнэ. Уг баримт бичгүүдийг 2009 онд баталжээ.
Чуулганд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар зэрэг 90 гаруй хүн оролцоно.
Тусгай чуулганы эхний өдөр Австрийн Вена хотод НҮБ-ын мансууруулах бодисын асуудал хариуцсан комиссын 59 дүгээр чуулганы үеэр зөвшилцсөн уг форумын эцсийн баримт бичигт тусгасан тогтоолыг батална. “Мансууруулах бодистой холбоотой асуудал нь хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хөндсөн хурц асуудал хэвээр байгаа” бөгөөд энэ нь “тухайн үндэстэн төдийгүй олон улсын хэмжээнд хүчин чармайлтаа идэвхжүүлж, энэ сорилт бэрхшээлийг сөрөн зогсохын тулд олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна" гэж уг баримт бичигт дурджээ.
Мансууруулах бодисын асуудлаарх ЕА-н анхны тусгай чуулган 1998 онд болж, дэлхийн удирдагчид мансууруулах бодисоос ангид нийгэм байгуулах зорилт тавьж байжээ.
Д.Жаргал