“Liverpool”, “Napoli” шөвгийн 16-д шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БРЮССЕЛЬ. /Euronews/. Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтод “Liverpool” болон “Napoli” клуб өрсөлдөгчдөө буулган авснаар шөвгийн 16-д үлдлээ.
Цэнхрүүд хочит “Napoli” клуб Сан-Паоло цэнгэлдэх хүрээлэнд Бельгийн “Genk”-ийг 4:0-ээр буулгаж авчээ. Эхний хагаст Польш довтлогч Аркадиуш Милик хет-трик хийсэн бол хоёрдугаар хагасын 75 дахь минутад Бельги довтлогч Дрис Мертенс торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тус тоглолтод “Napoli” Аваргуудын лигийн хамгийн том ялалтаа байгуулсан бол “Genk”-ийн 17 настай хаалгач Мартен Вандевоордт Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн залуу хаалгач болжээ.
“E” хэсгийн өөр нэгэн тоглолтод “Liverpool” “Salzburg”-ийг талбай дээр нь 2: 0-ийн харьцаатай буулган авчээ. Тоглолтын 57 дахь минутад Гвинейн хагас хамгаалагч Наби Кейта, 58 дахь минутад Египет довтлогч Мохаммед Салах нар тус бүр нэг гоол оруулснаар багтаа хожил авчирчээ.