Төмөр замын тээврийн орлого 15 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний 11 сард төмөр замаар тээсэн ачаа 25.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.7 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр 9.2 хувь, зорчигч тээвэр 14.7 хувиар өсжээ. Ингэснээр төмөр замын тээврийн орлого оны эхний 11 сард 646.3 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 39.1 хувь, экспортын ачаа 36.3 хувь, импортынх 10.6 хувь, дамжин өнгөрсөн ачаа 14 хувийг эзэлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дамжин өнгөрөх ачаа 0.8 пункт, экспортын ачаа 0.4 пунктээр өсөж, дотоодын ачаа 0.8 пункт, импортын ачаа 0.4 пунктээр буурсан үзүүлэлт юм.
Оны эхний 11 сард төмөр замаар дотоодод болон гадаадад тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 83.2 хувь, барилгын материал 10 хувь, хар төмөр 1.3 хувь, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.3 хувь, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.9 хувь, мод модон материал 0.6 хувь, үйлдвэрийн тоног төхөөрөмж 0.1 хувь, бусад бүтээгдэхүүн 2.5 хувийг эзэлсэн байна.