Европын дипломатууд Ливийн нийслэл хотыг орхиж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-13 11:34:22

КАИР. /TASS/. Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх шийдвэрлэх дайралтаа эхлүүлснийг мэдэгдсэний дараа Өрнөдийн орнуудын дипломатууд тус улсын нийслэл хотыг орхиж эхэлжээ. 


Телевизийн “Al Arabiya” сувгийн эх сурвалжуудын мэдээлснээр, дипломат ажилтнууд Триполи хотын баруун хэсэгт орших Жанзур дүүрэгт очиж байгаа бөгөөд дараа нь далайн замаар Ливиг орхих аж. Гадаадын улсуудын Элчин сайдын яамд болон Триполи хотын эрх баригчид одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.


Халиф Хафтар пүрэв гарагийн орой ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, Ливийн Үндэсний арми “нийслэл хотын яг зүрхэн тус газарт хийх шийдвэрлэх тулаан болон давшилтаа” эхлүүлж байгааг мэдэгджээ. Ирж буй мэдээллээс үзвэл, ийм мэдэгдэл хийсний дараа түүний арми Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт үнэнч бүлэглэлүүдийн байрлалууд руу эрчимтэй довтолж, нийслэл хотын зах дахь хэд хэдэн байрлалыг эзлэн авсан байна. Харин Триполи дахь Засгийн газрыг дэмжигчид цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулсан бөгөөд Хафтарын армийн дайралтыг амжилттай няцааж байна гэж мэдэгджээ. Тэд Хафтарын хамгийн сүүлийн ажиллагааг “амиа хорлолт” гэж нэрлэсэн байна.


Триполид бүгсэн террорист бүлэглэлүүдийг устгах зорилгоор тус хотод ажиллагаа явуулах тушаалыг Хафтар бүр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн билээ. Үүний хариуд Ливийн нийслэл хотод хуралдаж буй Засгийн газарт үнэнч цэрэгжсэн бүлэглэлүүд “Уур хилэнгийн галт уул” нэртэй ажиллагааг эхлүүлсэн юм.


Ливийн сөргөлдөгч талуудын мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, дэд бүтцийн чухал байгууламжууд эвдрэн сүйдсэний зэрэгцээ олон мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.


Холбоотой мэдээ