Олимпын наадмын галт бамбар Японы 858 хот, тосгоноор өртөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-18 11:22:45

ТОКИО. /NHK/. Олимпын наадмын галт бамбар Японы нийт 858 хот, тосгоноор өртөөлнө хэмээн “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид мэдэгджээ.


121 өдөр үргэлжлэх буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужийн J-Village цэнгэлдэх хүрээлэнгээс эхлэх юм. Энэхүү цогцолборыг Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станц дахь цэвэрлэх үйл ажиллагааны бааз болгон ашиглаж байжээ. Олимпын наадмыг зохион байгуулах хороо 2011 онд болсон цөмийн ослын улмаас үүссэн хор уршгийг арилгаж, гамшгийг амжилттай даван туулсан явдалд олны анхаарлыг татах бодолтой байгаа аж. 


Бамбарыг авч явах хамгийн эхний хүмүүс бол 2011 онд ДАШТ-д түрүүлж байсан Японы хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүд байх аж. Бамбарыг тамирчид төдийгүй агаарын зам, автомашин, морь, завь болон 2011 онд хүчтэй цунамид өртөж байсан төмөр замаар өртөөлүүлэх юм байна. Төмөр замыг хожим сэргээн засварлажээ. 


Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нээс 8 дугаар сарын 9-ний хооронд болох юм. 

Холбоотой мэдээ