Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ашигт малтмалын салбарт бий болсон замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.
Засгийн газраас энэ оны наймдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шалгах ажлын баг байгуулсан. Ажлын багийн санал, дүгнэлтийг тус ажлын багийн ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар дээрх шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзжээ.
Монгол Улсад ашигт малтмалын 3889 тусгай зөвшөөрөл байгаагаас 2225 нь хайгуулын, 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Тодруулбал, 566 нь алтны, 329 нь барилгын материалын, 296 нь нүүрсний, 186 нь жоншны, 77 нь төмрийн олборлолтынх байгаа аж.
Ажлын баг бүх лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газар дээр нь очиж шалгах бөгөөд энэ ажлыг зохион байгуулахыг УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, ХЗДХ-ийн сайд, МХЕГ, ЦЕГ-ын дарга нарт даалгасан байна. Шадар сайд Ө.Энхтүвшин, "Ажлын багаас бүх тусгай зөвшөөрлийг шалгаад, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор тогтсон. Зөрчилтэй аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгөх бөгөөд тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд, тусгай зөвшөөрлийг цуцлана" хэмээв.
Засгийн газрын хуралдаанаар, Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй байхаар хуулийн төсөл боловсруулахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгосныг тэрээр дурдлаа. Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажилд орон нутгийн иргэдийн саналыг тусгадаг байх журамд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг чиглэл болгожээ.