Өршөөлөөр суллагдагсдыг орон нутагт нь хүргэх зардлыг Засгийн газраас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-22 13:58:47

Өршөөлөөр суллагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс  гаргахыг Сангийн сайд Б.Болорт өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлөө.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан суллагдсан хүмүүсийг орон нутант нь хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдон гарах зардлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг зардалд 155.1 сая төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарчээ.

Товч мэдээ

-  Гадаад хэргийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 10-11-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сарын 2-3-нд БНХАУ-д болсон 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа.

-  2015 оны 9 дүгээр сарын 28-30-нд Вьентьян хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссийн XX хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

-  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын IX уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

-  Далай ашиглах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд